Ш.Анхмаа: “Сувилагчийн алдар” зөвлөгөөнөөр шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллагын тэргүүн туршлагыг хуваалцана
2017.05.11

Ш.Анхмаа: “Сувилагчийн алдар” зөвлөгөөнөөр шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллагын тэргүүн туршлагыг хуваалцана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр маргааш “Сувилагчийналдар” зөвлөгөөн болох гэж байна. Олон улсын сувилагчийн өдрийг угтан Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Шилдэг сувилахуйн тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдааныг НЗДТГ хамтран өнгөрсөн сарын 3-наас энэ сарын 3-ны хооронд зарлаж, дүгнэсэн билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай товч  ярилцлаа.  

-Болзолт уралдааны зорилго нь юу байв?

-Товчхондоо бол сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч болон тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор НЗДТГ уг уралдааныг дэмжиж, хамтран зохион байгуулсан.

Сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчид үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ юм л даа.

-Уралдааны дүнг танилцуулахгүй юу?

-Нийслэлийн эрүүл мэндийн 25 байгууллага оролцлоо. Ажлын хэсэг эдгээр байгууллагын сувилахуйн тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийхдээ 4 номинациар дүгнэж, шилдэг 3 байгууллагыг тодруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн үйл ажиллагааг шалгуурын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвүүд дүгнэж, нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон ажлын хэсэг ирүүлсэн материалтай танилцаж, үнэлгээг тухайн өрхийн эмнэлгүүд дээр очиж хийсэн гэсэн үг юм. 

-Одоо болж буй “Сувилагчийн алдар” зөвлөгөөнөөр юун тухай хэлэлцэх вэ?

-Энэ бол энгийн хурал биш ээ. “Сувилахуйн шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллага”-ын тэргүүн туршлагыг сурталчлах, НЭМГ-ын харьяа байгууллагын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, сувилагчийн ажиллах орчин, нөхцөлийг  сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийгдсэн томоохон ажил, ололт дэвшил, тэргүүн туршлагыг нийт удирдлага, сувилагчдад танилцуулах болно.

Мөн тэргүүлэх мэргэжилтнүүд сувилахуйн тусламж, үйлчилгээний олон улсын чиг хандлага, ёс зүй харилцааны асуудлаар цаг үеийн мэдээлэл хийх юм.

 -Эндээс иргэдийн сонирхож болох арга хэмжээ нь юу бол?

-Сувилахуйн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн техник, технологийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Сувилахуйн тусламж, үйлчилгээтэй холбоотой тушаал, стандарт, эмнэл зүйн удирдамж, сувилагчийн ёс зүй, харилцааны асуудлаар сүүлийн үеийн мэдээллүүдийг ч дэлгэн тавьсан байгаа.