2017.05.11

Л.Болд: Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн байдал хурцдах шинжтэй байна

Өнөөдрийн /2017 оны 05 сарын 11/ УИХ-ын нэгдсэн чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын танилцуулгыг хийлээ.

Хэлэлцэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болд Сүхбаатар аймагт үүсч буй улстөрийн нөхцөл байдлын талаар тавьсан асуулгынхаа хариуг авахыг шаардлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: “Өнгөрсөн 7 хоногт Сүхбаатар аймгийн иргэд төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүний дагуу эрх баригчид ярьж хэлэлцээд өнгөрсөн даваа гараг гэхэд асуудлыг  шийдвэрлэж өгөх байсан боловч бас л хойшиллоо. Иймээс энэ 7 хоногтоо багтаан шийдвэрлэхгүй бол эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн нөхцөл байдал хурцдах түвшинд очлоо. МАН, АН-ын ажлын хэсгүүд энэ талаар ахицтай шийдвэр гаргаж, Сүхбаатар аймагт хууль ёсны алхам яаралтайгаар хийхийг уриалж байна” гэсэн юм.

Сүхбаатар аймаг дахь сонгуулийн үр дүнг эрх баригчид одоог хүртэл бүтэн жил дамнуулан баталгаажуулж, эцэслээгүй байгаа нь иргэдийн сонголтыг үл хүндэтгэж, хууль ёсоор сонгогдсон айгийн иргэдийн төлөөлөгчдийн ажилдаа орж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Болд эсэргүүцэл илэрхийлж буй иргэдтэй уулзаж ярилцан, энэ талаар удаа дараалан асуулга тавьсан боловч одоог хүртэл авч хэлэлцээгүй байгаа юм.