Д.Очирбат:Гарьд бид хоёрыг андуурах тохиолдол байдаг
2010.06.21

Д.Очирбат:Гарьд бид хоёрыг андуурах тохиолдол байдаг

УИХ-ын гишүүн, сумын заан Д.Очирбатыг зочноор урилаа.
-Наадмын бэлтгэл хэр базааж байгаа вэ?
-Би ямар морь уях биш. Хүн бүрийн хүсэн хүлээдэг Төрийнхөө наадамд хэрээрээ л бэлдэж байна. Үндэсний хувцсаа бараг бэлдээд дууссан. Энгийн, цайвар цагаан өнгөтэй дээл хийлгэж байгаа.
-Таныг гарьд Гантогтохтой андуурдаг гэх юм. Өндөр Пүрэв гээд өвөөг тань барилддаг байсан гэх юм билээ.
-Андуурах тохиолдол гарна аа. Гарьдыг хааяа хальт харахад төстэй санагддаг л юм. Бид хоёр уулзаад дурсгалын зургаа авахуулж байсан. Одоо сайхан найзууд болсон. Бөхчүүдийн галаар орж явдаг. Манай өвөө аймаг, хошуундаа нэртэй өндөр Пүрэв гэж хүн байсан юм. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат. Улсын наадамд урилгаар ирж барилдаж байжээ. 60-70-аад онд ахмад бөхчүүдийн улсын барилдаанд ирж түрүүлээд байны зээрд үрээгээ надад бэлэглэж байсныг нь санадаг юм. Тэгэхлээр би бөхийн удамтай. Баянхонгор аймгийн гал болон Гантогтох, Өсөхөө аваргын галаар очдог.
- Бас Таныг сумын заан гэж сонссон юм байна.
-Арван жилдээ чөлөөт, жүдогоор хичээллэж байсан. Оюутан байхдаа Сэлэнгэ аймгийн нэг суманд барилдаад заан цол авсан. Одоо тэгэхлээр сумын заан цолтой гэсэн үг биз. Зав гарвал бөхийн барилдаанууд үзнэ. Засаг дарга байхдаа дүүргийнхээ нэрэмжит барилдаан зохион байгуулж, аваргууддаа хүндэтгэл үзүүлдэг байсан нь одоо уламжлал болж хэвшсэн.
-Сумын заан болоод ханачихсан хэрэг үү. Тэр дороо л “зодог” тайлсан уу?
-Зодог тайлах ч юу байх вэ. Оюутан байхдаа хөдөө ажиллаж байгаад л барилдсан чинь цол авчихдаг юм.
-Сумын заан бага цол биш биз?
-Сумын, улсын нь ялгаагүй заан л бол заан шүү дээ гэж манай Бат-Эрдэнэ аварга хэлдэг юм. Тэгэхээр бага цол биш байх. УИХ-д аваргатай хамт нэг ширээнд суудгаараа би их бахархдаг. Их сайхан, гүндүүгүй монгол жудагтай хүн шүү дээ. Хааяа бөх ярина аа. Бас морь ч ярина.-Та тэр чигээрээ барилдсан бол өнөөдөр ямар ч цолд хүрэх ч байсан юм билээ. Энэ тухай бодож үзсэн үү?-Бодоогүй ээ. Харин аав, ээж хоёртоо талархаж явдаг. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг шиг сайхан бие, зүс төрүүлж өгсөнд нь баярлах ёстой гэж боддог. Манай дүү Очирсүм нэлээд аймагт нэлээд сайн барилдаж байсан. Өвөөгийн зодог шуудаг одоо дүүд бий. Төрийн албан хаагч болсноос хойш барилдахаа больсон.
-Тэгвэл таны хүүхдүүдээс барилдах шинж байх юм уу?
-Монголын аав бүр л хүү төрвөл бөх болгоно гэж ярьдаг үе байлаа шүү дээ. Түүн шиг хүүгээ бөхийн ёс жудагт сургана гэж л боддог. Багыгаа “нялцгай” биетэй болгохгүйн бөхийн дөртэй болгоно. Том хүү өөр спорт хөөгөөд явчихсан. Хүүхдийг төлөвшүүлэхэд монгол бөх их нөлөөтэй байдаг юм билээ. Багаасаа бөхөөр хичээллэсэн, монгол бөхийн домог түүх уншиж, ёс жаягаас суралцсан хүний хүмүүжил огт өөр байдаг гэж аварга маань дандаа ярьдаг. Үнэн үг шиг байгаа юм. Тийм учраас би дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулиудад монгол бөхийн дэвжээ гардуулж өгье гэж бодоод байгаа. Гэрийн эзэн байх ноён нуруутай болж төлөвшихөд тустай юм шиг билээ.
-Сумын заан цолтой, бөхийн удамтай хүн юм байна. Энэ жилийн наадмыг өнгөлөх залуу бөхчүүдийн талаар шинжиж буй юм байна уу?
-Хэлэхэд арай эрт байна. Харж байгаа хүн бол бий. Бэлтгэлийн байдлаас л хамаг юм шалтгаалдаг юм даа. Сайн барилддаж буй залуу олон байна.