Хүн амын хоол тэжээл, эрдэс, витамины хэрэгцээг баяжуулсан хүнсээр хангах шаардлагатай байна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар /2017.04.26/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг нар асуулт асуусан.
Хүн амын эрдэс, витамины дутагдлын судалгааг түүвэрлэн авч үзвэл иргэдийн 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь витамин А-ийн, 42,4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай болохыг тогтоожээ.
Эрүүл мэндийн яамны Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7% өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4% нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7% нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80% нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байна.
Гишүүд баяжуулсан хүнсийг зохицуулах эрх зүйн баримт бичиг зайлшгүй хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байна. Хуулийн төслийн нэр томъёог тодорхой болгох, баяжуулсан хүнс, бэлдмэлийг үйлдвэрлэгчдийн эрх, үүргийг өргөтгөх, сурагчдын үдийн хоолонд баяжуулсан хүнс хэрэгтэй байна гэв.
Хуулийн төсөлд баяжуулсан хүнс, баяжуулагч бэлдмэл, заавал баяжуулах хүнсний жагсаалт, хүнс баяжуулах гэсэн ойлголтыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд,
Баяжуулсан хүнс” гэж монгол хүний биемахбодын физиологийн онцлогт тохирсон, бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тухайн хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн найрлагад агуулагдаагүй эсхүл боловсруулалт, хадгалалтын явцад задарч устдаг, хэмжээ нь багасдаг нэг түүнээс дээш тооны аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр нэмж үйлдвэрлэсэн хүнс.
“Баяжуулагч бэлдмэл” гэж хүний биемахбодид маш бага буюу микро, субмикро хэмжээгээр шаардагддаг боловч хэвийн үйл ажиллагаа, өсөлт, хөгжилт, эд эсийн нөхөн төлжилт, биеийн ерөнхий дархлаанд зайлшгүй шаардлагатай эсгэг (энзим буюу фермент), даавар (гормон) бусад макро нэгдлийн (уураг, өөх тос, нүүрс ус, нуклейн хүчил) нийлэгжилтэд оролцдог, дагалдах урвалыг дэмждэг аминдэм, эрдэс бодисын холимог.
"Заавал баяжуулах хүнсний жагсаалт“ гэж хүн амын хооллолтын төлөв байдал, аминдэм, эрдэс бодисын дутал, түүнээс шалтгаалсан өвчин, эмгэгийн тархалт, явцын талаарх судалгааны дүнд үндэслэн гаргасан баяжуулах хүнс, баяжуулагч бэлдмэлийн нэр төрөл, найрлага, орц, тун хэмжээг тодорхойлсон баримт бичиг.
“Хүнс баяжуулах” гэж хүнсний бүтээгдэхүүнд аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр, эрх бүхий байгууллагаас тогтоосон нэр төрөл, тун хэмжээгээр, стандартад заасан нөхцөл, горим, технологийн дагуу үйлдвэрийн арга.
Хуулийн төсөлтэй танилцсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар баяжуулсан хүнс, баяжуулагч бэлдмэл гэсэн нэр томъёо нь хууль зүйн гэхээсээ шинжлэх ухааны нэр томьёо мэт уншигдаад байгаа учраас өөрчлөх боломжтой эсэхийг асуулаа. Мөн биеийн ерөнхий дархлаанд зайлшгүй шаардлагатай эсгэг гэж биччихээд хаалтанд энзим буюу фермент гэх зэргээр давхар нэршил хэрэглэхгүй байхыг анхааруулсан юм.
Л.Мөнхбаатар баяжуулсан хүнс, баяжуулсан бэлдмэл үйлдвэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлах шаардлагатай гэж үзэж байгаа боловч хууль санаачлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа үйлдвэрлэгчийн алхам бүрийг заах нь эргээд зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж тайлбарлав.
Аливаа улсын газарзүйн байршил, байгаль цаг уурын нөхцөл байдал зэргээс хамаарч, хоол тэжээлийн физиологийн норм буюу өөрийн орны онцлогт суурилсан үзүүлэлтүүд гэж бий. Хүнсний үзүүлэлтийг хамгийн сүүлд энэ онд шинэчлээд байна.
Дэлхийн олон оронд Засгийн газар, эрүүл мэндийн байгууллага, үйлдвэрлэгчид хамтран баяжуулсан хүнсний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, ДЭМБ-аас дэлхий дахины өлсгөлөн, хүнсний шим, тэжээлийн дутагдлыг бууруулах дөрвөн том хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хүнсийг баяжуулах хөтөлбөр юм.
130 гаруй улсад давсыг иоджуулах, 83 оронд үр тарианы бүтээгдэхүүнийг заавал баяжуулах, 23 оронд хүнсний тосыг, зарим оронд хүнсний амтлагч бүтээгдэхүүнээ баяжуулан хэрэглэж байна.
Ямар хүнсийг юугаар баяжуулах вэ гэдгийг Хүнсний хууль эрх зүйн хорооноос гаргаж, олон улсын стандарт гаргасан байдаг. Нөгөө талаас АНУ-ын Хүнс, эмийн байгууллагаас шинэ ногоо, шувуу, загасны мах, сахар, чихэр, ундаа гэх зэрэг бүтээгдэхүүнийг баяжуулахад тохиромжгүй гэж үздэг.
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл батлагдвал хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ баяжуулсны үндсэн дээр 5 жил тутамд хүн амын дунд хүнс, тэжээлийн судалгаа явуулж, амин дэм, эрдэс бодисын дутагдал хэр байгааг тогтоож, хуулийн хэрэгжилтийг хангана гэж хууль санаачлагч хэллээ.