Л.Болд: Татвар нэмээд ард нь үүсэх хүндхэн үр дагавруудыг эрх баригчид бодолцох ёстой
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.04.14

Л.Болд: Татвар нэмээд ард нь үүсэх хүндхэн үр дагавруудыг эрх баригчид бодолцох ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Чуулганаар Засгийн газраас Өргөн барьсан 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах бусад төслүүдийг хэлэлцэж байна. Удахгүй олон нийтийн анхаарлын төвд орж, бас чамгүй эсэргүүцэл дагуулж байгаа хуулийн төслийг батлах бололтой. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

-Засгийн газар хаврын чуулганы эхлэл дээр сая дурдсан төсөв, мөнгөний хуулиудад өөрчлөлт оруулах төсөл оруулж ирсэн Хуулийн төслүүдийг санаачлагчид нь буцааж, дахин боловсруулах, ингэхдээ иргэд, ард нийтийнхээ хүсэл шаардлагад нийцсэн төслүүд болгож өөрчлөх ёстой гэж бодож байна.

Энэ чигээрээ батлагдвал эрх баригчид Монголын ард түмний эсрэг, Монгол Улсад хор хөнөөл дагуулах бодлого явуулж байна гэхээс өөр юу гэх вэ. Төсвийн тухай хуульд тодотгол хийх үндэслэлийг Засгийн газраас ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"- ийг хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг хангах, тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, алдагдлыг үе шаттайгаар бууруулах зорилгоор боловсруулсан гэж тайлбар өгч байгаа.

Харамсалтай нь төсвийн тодотгол хийгдсэний дараа ард иргэдийн амьдралд төдийгүй улс эх орны эрх ашигт маш муу нөлөө үзүүлэх үр дагаврууд гарна гэдгийг огт бодолцоогүй байна. Ердөө л Засгийн газар халаасандаа мөнгөтэй болохын тулд нийт иргэдийнхээ амьжиргааг сөхрүүлж, эдийн засгийн гол хүндийг нуруундаа үүрч явдаг аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийг нэгмөсөн элгээр нь мөлхүүлэхээр л зүтгээд байх юм.

•Уг нь эдийн засаг бага ч гэсэн өсөлттэй гарч байгаа юм билээ?

-Монгол Улсын эдийн засагт багахан ч гэсэн нааштай хандлагууд, эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж, хонгилын үзүүрт гэрэл асч байгаа гэдгийг Сангийн яам огтхон ч авч хэлэлцэхгүй байна. Бараг л нууж хааж байна. Үүнийг нь парламент дахь олонхийн бүлгийнхэн хүртэл өөрсдөө хэлээд байна шүү дээ. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Засгийн газар туйлын муу төсөв оруулж ирсэн байна. ОУВС эдийн засаг өсөлттэй гарч байгаагаа хасах болгоод нуучих, тэгэх юм бол бид Монголд мөнгө өгнө гэсэн юм уу” гээд Сангийн сайдын нүүрэн дээр хэлчихэж байна шүү дээ.

Эдийн засаг эерэг өсөлттэй байгааг хасах болгож засаад, нууж хааж байгаад ч хамаагүй зээл авч мөнгөтэй болох нь л дээ. Зээл авч болно оо, эцэст нь Монгол Улсын эдийн засгийн эерэг өсөлтийн төлөө, ард иргэдийнхээ амьдралыг бодож л зээл авах ёстой биз дээ. Гэтэл Засгийн газар ард иргэдээ золиослоод, хамаг хүндийг нь үүрүүлж байгаад зээл авах нь л дээ. Үүнийг Ардын намын парламент дахь гищүүд нь хүртэл илчилж, эсэргүүцэж байна.

-Одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотголд хуульзүйн үндэслэл хэр байна гэж та үзэв?

-Огтхон ч алга. Төсвийн тогтвортой байдлын гухай, Төсвийн тухай хуулиудаар төсөвт годотгол хийх эрхзүйн боломжуудыг хуульчилж өгсөн. Гэтэл тэр хуулиудад одоогийн гохиолдлоор өөрчлөлт хийх боломж байхгүй. Тэгээд хууль зөрчсөн болчих гээд байгаа учраас дээрх хуулиудыг хүртэл ташраар нь өөрчилж байгаад л хүссэнээ хийнэ гэж тооцсон бололтой.

-Татвар нэмж, бүсээ чангалснаар л эдийн засгийн хүндрэлээс гарна гэж тооцоод байна уу даа?

-Ухаалаг бус, хатуу, хүйтэн татвар нэмэх аргаар хүндрэлээс гарчихдаг тийм түүх хаана ч байхгүй дээ. Бүсээ чангалж болно. Санхүүгийн сахилга батыг дээшлүүлж болно. Гэхдээ хүн амын дундаж түвшнийхэн, бизнес эрхлэгчид, цалингийн орлоготой иргэдийнхээ нуруун дээр шууд очих татварыг нэмснээр эдийн засаг сайхан болох уу. Үгүй л байхгүй юу.

Санхүү, төсвийн хүндрэл байгаа нөхцөлд төсвийн тодотгол хийх шаардлагатай бол дотоод нөөц бололцоог бүрэн дайчилж тэвчиж болох зардлуудыг царцааж, зарлагыг бууруулах ёстой байсан. Гэтэл төсвийн тодотголд төсвийн нийт зардлыг 2017 онд батлагдсан төсвөөс 220,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний дотор бараа үйлчилгээний зардал 49.1 тэрбум төгрөгөөр, эд хогшил урсгал засварын зардал 537,8 сая төгрөгөөр, гадаад дотоод томилолтын зардал 317.4 сая төгрөгөөр, хангамж бараа матөриалын зардал 380.0 сая төгрөгөөр, унаа хоолны хөнгөлөлт 736.3 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Юу хэлж байна гэхээр унаа хоолны хөнгөлөлт, гадаад дотоод томилолтын зардлаа бараг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихэж, бараа үйлчилгээ, эд хогшлын зардал нь бараг 50- иад тэрбумаар гэх мэтчилэн нэмсээр 220.7 тэрбум төгрөгийн зардал анх төсөв батлагдсан хэмжээнээс давуулж бичээд оруулж ирж байна. Тэгээд энэ их нэмэгдүүлсэн зардлаа хаанаас олох вэ, нөгөө долоон төрлийн татвар нэмэх, хүн амын орлогын албан татвар, шимтгэлээ ихэсгэх замаар л олж байгаа юм байна.

Тийм мөртлөө эрх баригчид олны нүдэн дээр юу яриад явж байгааг харж байна уу. Ерөнхий сайд хэчнээн сайхан үг ярилаа, “Дүүриймаануудыг байхгүй болгоё л гэнэ, намынх нь дарга сая чуулганы нээлтээр хэчнээн сайхан үг хэлэв, “Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна” гэж ирээд л. Агуулга нь муудаад, юу ч үгүй бантан хутгаад ирэхээр хэлбэрдэлт нь ихсээд ирж байна. Дарга нар нь гоё сайхан үг хэлээд л байдаг, араар бусад нь төсвийн зардлыг гайхамшигтай ихээр нэмэгдүүлж, яг л хэлснийх нь эсрэгээр ажиллаад байна. Санаатай тэгээд байдаг юм уу, Сангийн сайд нь зориудаар ингээд байгаа юм уу ч гэж гайхширмаар. Аргаа бараад санаатай л муу ажиллаж, Засгаа унагах гээд байгаа улс юм уу гэж ч харж байна.

-Нэр бүхий татваруудыг үе шатлалтайгаар нэмнэ гэж байна. Сангийн сайд бол ганцаас бусад нь иргэд рүү чиглэсэн татвар биш ээ л гээд байгаа?

-Мэдэхгүй биш, мэдээд зориуд тэгж хэлээд байна л даа, зориудаар. Ард нь үүсэх үр дагавруудыг нь эрх баригчид гадарлаж байгаа гэж ойлгож байна.

Хувь хүний орлогын албан татвар нэмнэ л гэж байна. Эцсийн дүндээ төсөвт өрдөө 43 тэрбум төгрөг зөвхөн энэ төрлийн татварыг нэмснээр цугларна. Гэтэл эргээд зөвхөн бараа үйлчилгээ, эд хогшлын зардлаа л гэхэд 50 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихээр иргэдийнхээ цалингаас авдаг татварыг нь нэмж, бүсийг нь чангалан барин авсан арга хэмжээ ямар ч үр дүнгүй хоосон зардал хаагаад л өнгөрчихөж байгаа юм.

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар тооцож энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах төслийг төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн. Энд л гэхэд ардаа сөрөг нөлөөлөл байгаа юм. Хадгаламж арилжааны банкуудын зээлийн эх үүсвэр болж байдаг. Гэтэл хадгаламж эзэмшигчид татвар нэмэгдээд ирэхээр хадгаламжаа татах зэрэг сөрөг нөлөөллөөс болж арилжааны банкууд эрсдэлд орох нөхцөл үүсэхийг сайтар тооцох л ёстой. Ядаж их хэмжээний хадгаламжтай цөөн хүн дээр нь татвараа тавиад нийт хадгаламж эзэмшигчдийн 90 гаруй хувь болох цалингаасаа тав арван төгрөгөө илүүчилж хадгалж байгаа хүмүүсээ чөлөөлж болж байна.

Онцгой албан татварыг 62.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж байгаа юм. Дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архи, тамхи, пивоны албан татварыг нэмэхээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төсөл боловсруулж төсвийн тодотголд тусгасан байгаа.

Нэг талдаа зөв байж болно. Нөгөө талдаа бас л хэцүү үр дагавар гардгийг гадаад, дотоодын жишээнээс харж болно.

Үнэтэй архи авахаа болиод, хямд архи зараад эхэлнэ. Стандартын бус аргаар үйлдвэрлэсэн хортой, хямд архинд монголчууд яаж хордож, үхэж байгааг Ерөнхий сайд харахгүй байгаа гэж үү.

Ийм эрсдэл гаргаж олсон 62 тэрбумаа эргээд нөгөө дэд сайд, олон сайдын зөвлөхүүдийн цалин хангамж, эрх ямбыг хангахад л зарцуулчихаж байгаа нь харамсалтай.

Заавал нэмнэ гэж тооцоод байгаа юм бол ядаж Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавих хяналтыг чангатгах, хуурамч болон зөвшөөрөлгүй архи, тамхи үйлдвэрлэлийг гаргахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд анхаарах нь зүй. Ер нь архи, тамхины үнэ өссөнөөр хэрэглээ буурдаггүй, харин хууль бус зөвшөөрөл, хуурамч архи үйлдвэрлэл гаардаг тал байдгийг бодолцох хэрэгтэй. Араас нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодисын хэрэглээ өсдөг олон улсад батлагдчихсан жишиг байна. Мансууруулах бодисын хэрэглээ манай улсад аюулын харанга дэлдэж байна гэж их ярьдаг. Гэтэл ийм байдлыг газар авахуулахад хүргэх бодлого, шийдвэр гараасаа гаргах л гэж байна шүү дээ.

-Олон нийтийн ихэд бухимдаж байгаа бас нэг асуудал автомашины татвар байна?

-Хаа хаанаа эрсдэл ихтэй, ихтэй. Ард иргэдийн нуруун дээр ачаалал нэмэгдэж байгаад дүгнэлт хийхгүй байна л даа. Зөвхөн автомашины татвар нэмээд машины үнэ өсөхөөс гадна шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тусгасан байгаа юм. Шатахууны үнэ өсөхөөр манайд юу болдог билээ. Бүх л өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдэнэ. Гурил будаа, махны үнэ нэмэгдээд ирэхээр нөгөө хонгилын үзүүрт асаж байгаа жаахан гэрлээ шууд хага цохиод л унтрааж байгаагаас өөр юу байх вэ. Суудлын автомашины онцгой албан татвараар 33.8 тэрбум төгрөгийн орлого нэмнэ гэж төсвийн тооцоонд оруулсан байгаа шүү. Ингэж нэмэгдүүлсэн орлогоо л зөв зүйлд зарцуулах ёстой юм. Дагаж нэмэгдүүлээд байгаа зардлаа бууруул гэж л Засгийн газарт зөвлөмөөр байна. Олонхийн бүлэг ч асуудалд эрүүлээр хандаж “Дүүриймаа, Хоролмаа"-тай зууралдалгүй зөв гарц, шийдэл олж ажиллахыг шаардах хэрэгтэй юм.

-Засгийн газар төсөв, мөнгөний бодлого дээр үнэхээр муу ажиллаж байна гэж бараг бүх эх сурвалжууд хэлж байна, сөрөг хүчин үүнд яаж хариуцлага тооцох вэ?

-Сонгогчид Ардын намын маш сайхан амлалтуудад хууртаж, итгээд саналаа өгсөн. Гэтэл одоо ажиллаж байгаа Засгийн газар сонгуульд өгсөн амлалтуудынхаа яг эсрэг зүгт ажиллаад байгаа юм. Татвар нэмэхгүй гэсэн, одоо яаж байна. Ахмадуудын талархлыг хүлээж байсан Хамтын тэтгэврийн хуулийг парламентад олонх болж авмагцаа л байхгүй болгосон. Одоо тэтгэврийн нас руу дайрч байна. Насаараа цалин, орлогоосоо шимтгэл төлж яваад түүнийхээ үр шимийг хүртэх цаг нь ирэхээр таван жилээр хойшлуулчихаж байна. Монголчуудын дундаж наслалт 65 гэж байгаа, тэтгэвэрт гарах насыг нь түүнтэй нь адил болгохоор яана гэж бодож байгаа бол эрх баригчид? Иргэн хүн дахиад л таван жил шимтгэл төлнө, таван жилд авах ёстой цөөнгүй хэдэн сая төгрөгөө авч чадахгүй. Гол нь их муухай, ард иргэдээ дээрэлхсэн, басаж доромжилсон хандлага ард нь ажиглагдаж байгаа юм.