Эсрэг, тэсрэг байр суурь: Татвар нэмэхээс аргагүй юу?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ба УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2017.04.05

Эсрэг, тэсрэг байр суурь: Татвар нэмэхээс аргагүй юу?

УИХ-ын хаврын чуулганыг нээснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсвийн тодотголтой хамт зургаан ч төрлийн татварыг нэмэхээр болж буй. Энэ нь Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тавигдаж буй асуудал.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс татвар нэмэхийг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлж эхэлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн” хэмээн Засгийн газрын бодлогыг хамгаалж байгаа. Эл асуудлыг хөндөж “VS” буландаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын байр суурийг онцоллоо.

Олон улсын валютын сан /ОУВС/ тодорхой шаардлагуудыг тавьсан. Засгийн газар ч түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Үүнд архи, тамхи болон тансаг хэрэглээний татваруудыг нэмэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, төрийн байгууллагуудын бүтэц орон тоог цомхотгох, оновчтой болгох, үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг тодорхой шаардлагууд тавигдсан байгаа. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болоод явж байгаагаас хойш шаардлагуудыг хүлээж авахаас өөр аргагүй.

Олон түмэн ч улс орон хүнд байдалд орсон байгаа бол тэр шаардлагуудыг нь хүлээж аваад явахаас өөр аргагүй гэдэг ойлголттой болсон. 

Татвар нэмэх асуудал одоо орж ирж байгаа юм биш, өнгөрсөн жилийн намар орж ирж хойшлогдоод, 2017 оны төсөв хэлэлцэх үеэр татвар нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан юм. Энэ бол МАН эдийн засаг хүнд үед аль болох ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэж тухайн үедээ гаргасан шийдвэр л дээ. Мөн тухайн үед хүлээлтүүд байсан. Хятад, Орос, Энэтхэгийн гэх мэт хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдах боломж харагдаж байлаа. Засгийн газар ч хөнгөлөлттэй зээлийн талаар нэлээд ажилласан. Үүнээс хойш тодорхой хугацаа өнгөрөхөд хүлээлтүүд хэрэгжих боломжгүй болсон. Олон улсын эдийн засгийн байдал, өнөөгийн манай гадаад эдийн засгийн орчин нөхцөлийн байдал үнэхээр өнгөрсөн жилүүдийн бодлогын алдаанаас болж асар хүнд байна. Ийм нөхцөлд ОУВС-гийн хөтөлбөрт зайлшгүй орохоос өөр аргагүй байна гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Манай бүлгийн гишүүд ч өнгөрсөн хугацаанд Засгийн газрын чармайлтыг харлаа. Тэгэхээр Засгийн газраас оруулж ирж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна гэдгийг ойлгож байгаа байх. Хувь гишүүний хувьд бол нэгэнт ачаагаа үүрч байгаа Засгийн газар өөр аргагүй байна гээд хөтөлбөрт хамрагдъя гэж байхад намын бүлэг тодорхой хэмжээнд асуудлыг нь судалж үзээд дэмжихээс аргагүй.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Төр биш ард түмэн бүсээ чангалах тухай 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна. Иргэдийнхээ халаас руу гараа шургуулсан буюу банкинд байгаа хэдэн төгрөгөөс татвар авах, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, асуудал орсон байна.

Тамхи, архи, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь ард түмний нуруун дээр ачаа нэмж байгаа хэрэг. Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд гараад ирж байгаа юм.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар татварыг тодорхой хэмжээгээр нэмье гэхэд эсэргүүцэж байсан хүмүүс олонхи болохоороо бидний татвараа нэмэгдүүлэх ард түмэнд хамаагүй гэж хэлж болохгүй л дээ. Тиймээс Ардчилсан нам татвар нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарч байгаа. Тухайлбал, архи, тамхи, бензины татвар нэмэгдлээ гэхэд тодорхой хэмжээгээр хүн л хэрэглэж, байгаа юм чинь үнэ нь нэмэгдэнэ. Ер нь аливаа үнэ ямар нэгэн хэмжээгээр хөдлөхөд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яг дагаад тэр өдрөө л өөрчлөгддөг.

Үнийн савлагаа бий болох нөхцөлийг тодотголоор оруулж ирсэн нь буруу. Аргагүй байдаг юм бол дэд сайдуудаа яах юм.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед дэд сайдуудаа байхгүй болго гэсэн, бид дэд сайдгүй ажиллаад болоод л байсан. Тэр үед шүүмжилж байсан хүмүүс өөрсдөө гарч ирээд дэд сайдтай болчихсон. Тийм учраас энэ асуудлаа эрх баригчид эхний ээлжинд авч үзэх ёстой.

УИХ-д ард түмнийхээ өмнөөс сонгогдсон МАН-ын 65 гишүүн эрх биш үүн дээр намын эрх ашгийг бодож, хэдэн боловсон хүчнийг ажлын байртай байлгах гэж хандахгүй байх.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин