Татвар авахын тулд тэтгэврийн насыг хойшлуулах шийдвэр гаргаж байна
Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.
Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм.
Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.