Л.Энхболд: Оффшор дансыг гурван сарын дотор хааж, хөрөнгийг татна
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ Баасан гарагт буюу маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов зарлагдсан билээ.
Олны анхаарал татсан маргаантай асуудлын нэг болох офшорын тухай шинэ заалтууд уг хуульд нэмэлтээр орж байгаа. Энэ талаар тус хуулийн ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Л.Энхболдоос тодрууллаа.
- Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах талаар яригдаж байна. Та тус хуулийн төслийн ажлын хэсэгт гишүүнээр ажилласан. Хуульд нэмэлтээр ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
- УИХ-ын гишүүн Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон миний бие хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэн батлуулах ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийг хямруулсан мөнгө гадаадад очлоо гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлчихсэн.
Албан ёсоор хэн нэгэн офшор бүсэд хамааралтай болох нь тогтоогдоогүй. Ганцхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гаргасан мэдээллийн дагуу тоо нь тодорхой биш ганц, хоёр төрийн албан тушаалтны нэрс л ил гарсан. Үүнтэй холбоотойгоор улс төржилт их байна. Яг энэ асуудалтай тэмцэе гэхээр эрх зүйн орчин байхгүй. Тийм учраас нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт орууллаа.
Уг хуулийн гуравдугаар бүлгийн 10-р зүйлд офшорын асуудалтай холбоотой өөрчлөлт орсон.
Тухайлбал 19.2-д нэр дэвшигч болон сонгогдсон албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд нь офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэсэн тохиолдолд гурван сарын дотор өмчийн байдалд өөрчлөлт оруулах, орлогын талаар 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэнэ гэсэн заалтыг нэмсэн.
Албан тушаалтнууд энэ мөнгө минийх биш, манай эхнэрийнх, хамаатных гэж булзах аргагүй болж байна.
Өөрөөр хэлбэл офшор бүсэд холбогдсон хүнд гурван сарын л боломж олгоно.
-Нийтийн албаны тухай хуульд офшорын тухай нэмэлтээр заалт оруулж ирсэн нь цаг үетэйгээ нийцэж байна. Гэхдээ офшор бүс гэдгийг манайхан төдийлөн нарийн зааглаж чадаагүй юм шиг?
-Офшор бүсийг тодорхойлж чадаагүй байгаа нь үнэн. Офшор бүсийн нарийн заагийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтын дагуу Монгол банкны саналыг үндэслэж засгийн газар тогтоох ёстой.
Бид ярихаараа татварын таатай орчныг бүрдүүлсэн байдлыг офшор бүс гэж ойлгодог.
Бас нэг өөрчлөлт бол өөрийн хөрөнгийн талаар мэдүүлээгүй, офшор бүстэй холбоотой тохиолдолд улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах гэсэн заалт байгаа. Офшор данс нээлгэсэн хууль зөрчсөн бол гурван сарын дотор дансаа хаалгаж, тухайн хөрөнгийг эх орондоо татах асуудлыг ярьж байна.
ОФШОРТ ХОЛБОГДСОН БОЛ АЛБАН ТУШААЛТАЙ НЬ ЯРИНА
-Шинэчилсэн хуулийн төсөлд өөр ямар шинэ заалтууд багтсан бэ?
-Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх журмаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон заалтуудыг нэмэлт оруулсан байгаа.
Улс төрд томилогдох болон сонгогдох албан тушаалтан нэр дэвшиж байх үедээ мэдүүлэг өгөх гэсэн заалтыг нэмсэн. Холбогдох байгууллагад мэдүүлэг өгнө. Хуучин холбогдох байгууллага гэдэгт Сонгуулийн Ерөнхий Хороо хамаардаг байсан бол одоо үүнийг Авлигатай Тэмцэх Газар хариуцаж ажиллана.
Цаашид офшорын асуудлыг бүрэн хориглоё. Төрийн өндөр албан тушаалтныг өршөөх асуудал ч байх ёсгүй. Олон улсын эрх зүйн байдлын тухай гэрээ гэж байдаг. Офшор бүсэд мөнгө байршуулдаг улсуудтай энэ гэрээг манай улс байгуулж чадах юм бол өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс офшор бүсэд мөнгөтэй байх юм бол үүнийг шалгах эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөнгө угаасан хэрэг нь авлига авсан байна уу?, татвараас зугтсан уу гэдгийг Авлигын эсрэг хууль, Татварын ерөнхий хуулиар зохицуулаад явах зарчмыг нээлттэй хэвээр нь үлдээхээр болсон.
-Олон улсын жишгээс харахад офшорт холбогдсон албан тушаалтанг албан тушаалаас нь чөлөөлдөг. Харин манайд ямар байх вэ?
-Офшор бүсэд данс нээсэн, мөнгө нуусан тохиолдол нь илэрвэл шууд албан тушаалаас нь огцруулах арга хэмжээг авна.
Бид эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд ажилласан. Хуульд УИХ хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Өмнөх офшорчидтой тэмцэхийн тулд манай хууль хяналтын байгууллагууд зөвхөн Буянт-Ухаа, Алтан булгийн гаалиар хязгаарлагдах хэрэггүй гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.