Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал маргааш эхэлнэ
Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран энэ сарын 5-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” маргааш эхэлнэ.
Хурлын нээлт “Туушин” зочид буудалд 14 цагаас болох бөгөөд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 70 гаруй төлөөлөгч оролцох юм.
2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран зохион байгуулах бөгөөд энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулж байна.
Уг хурал нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал болж байгаа юм. Хурлын зорилго нь Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авч хянах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцох, улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцоно.