Байлдааны туг гардуулан өглөө
2017.04.03

Байлдааны туг гардуулан өглөө

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын байлдааны тугийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл билээ. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, Хуурай замын командлал болон Агаарын цэргийн цэргийн командлалын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Монгол улсын батлан хамгаалах эрх зүйн шинэчлэл гүнзгийрч 2015 онд батлагдсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт нийцүүлэн Монгол улсын батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудад тусгагдсан харилцаа, зохицуулалтыг хэрэгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага болох Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэргээс бүрдэхээр хуульчлан баталгаажсан.

Иймээс Монгол улсын Засгийн газрын 2016 оны 191 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2016 оны 31, 32 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний бүтцэд хуурай замын цэргийн болон Агаарын цэргийн командлалыг байгуулж, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь үе шаттайгаар бүрдүүлж байна.

Улсын их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ  Хуурай цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага болох Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг командлал, Агаарын цэргийн командлалд бие дааж үйл ажиллагаагаа явуулах зарим эрхийг шилжүүлэн өгч байна. Түүнчлэн Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлал нь төрлийн цэргийнхээ туг, үнэмлэхийг гардан авах гэж байна.

Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын байлдааны туг нь нийт бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл мөн бөгөөд Хуурай замын цэргийн болон Агаарын цэргийн нэгтгэл, анги, салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, байлдааны бэлэн байдал, цэргийн сахилга, сургалт бэлтгэлдээ өндөр амжилт гаргахыг уриалж байна.

Та бүхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах их үйлст өндөр амжилт хүсье" гээд байлдааны тугийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч болон Агаарын цэргийн командлагч нарт хүлээлгэн өгсөн юм.