Сумдад ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно
Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар ирэх жилүүдэд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо.
Тэд өнгөрсөн 1-р сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь оочер дараалал хүлээсэн олон эцэг эхчүүдийн талархал хүлээж байсан.
Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, мөн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгасан байна.
Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг олон зүйл заалтууд тусгагдсан байна.