МАХН: Шинэ төр, шинэ Үндсэн хууль хэрэгтэй байна
"Шинэ төрийн сэргэн мандахуй" нээлттэй хэлэлцүүлэг
2017.03.15

МАХН: Шинэ төр, шинэ Үндсэн хууль хэрэгтэй байна

Өнөөдөр Төрийн ордонд “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж, уг хэлэлцүүлгийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Ч.Авдай, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, дипломатч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Баатар, НИТХ-ын дарга асан, НИТХ-ын Зөвлөх зөвлөлийн дарга Ц.Баасанжав нар болон МАХН-ын гишүүд, дэмжигчид оролцож, өөрсдийн үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлэг бүхэлдээ Монгол Улсын гадаад, дотоод бодлогын түүхэн уламжлал, өнөөгийн байдал, Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж болох хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого, зарчим баримталж ажиллах ёстойг тайлбарлан таниулах уур амьсгал дор өрнөлөө.

МАХН-ын гишүүд, дэмжигчид

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Шинэ төр, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрээр "Шинэ төртэй байя, шинэ намтай байя, шинэ хүмүүсийг улс төрд гаргаж ирье" гэсэн зорилгоор уг хэлэлцүүлгийг санаачлан, зохион байгуулснаа хэллээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан иргэд хэн нэгнийг биш, бодлогыг сонгох ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгч нь тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа төрийн гадаад, дотоод бодлогыг нэгтгэн зангидаж чадахуйц хүн байх нь зүйтэй гэсэн санааг О.Баасанхүү дэвшүүлсэн юм.

Тэрээр МАХН-аас боловсруулсан Үндсэн хуулийн төслийг "Үндсэн хуулийг өөрчилж болох санал" гэж тодорхойлсон. Нийгэмд Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй, бага зэрэг өөрчлөх ёстой, бүхлээр нь өөрчлөх ёстой гэсэн гурван байр суурь зэрэгцэн оршиж байна. Энэ цаг үед МАХН-аас боловсруулсан Үндсэн хуулийг өөрчлөх саналыг дэмжсэнээр шинэ төрийг сэргээн мандуулах боломжтой гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. 

О.Баасанхүү: Намаас үл хамааран улс орныхоо эрх ашгийг бодолцож, бодлогоор нэгдэх ёстой. Монгол Улсад эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, тодорхойгүй байна. Үндсэн хуульд, “Засгийн эрх мэдэл ард түмний гарт” гэж бий.  Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийг ард түмний хяналтад байлгая. Ард түмний хяналт гэдэг нь боломжтой бол хууль тогтоох эрх мэдлээ дээд, доод гэж ангилья. Дээд эрх мэдэл нь байнгын бус, жилд нэг удаа хуралддаг байя. Доод эрх мэдэл нь байнгын ажиллагаатай байя гэсэн саналуудыг дэвшүүлж байна. 

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дипломатч Ч.Баатар /зүүн гар талаас хоёр дахь, голд сууж байгаа/

Төрийн бодлого нэгдмэл байх ёстой, төрийн хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлж, төрийн залгамж чанарыг хадгалж, мэргэжилтнүүдийн үгийг сонсох ёстойг дипломатч Ч.Баатар хэллээ. Тэрээр "Төрийн гадаад бодлогын талаарх үзэл санаа, зарчмууд" сэдвээр илтгэл тавьсан. Монгол Улсын түүх, түүхэн уламжлалын талаар өөрийн судалгааг танилцуулж, Монгол Улс төрийн хар хайрцагны бодлогоо алдалгүй, дотооддоо сайтар ойлголцож, гадаад бодлогыг хэрэгжүүлэхдээ тун нухацтай хандах хэрэгтэй байна гэсэн юм.

Тэгвэл Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн "Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл. Гэтэл өнөөдөр энэ зарчим алдагдлаа. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас харахад бид аль нэг байгууллагын барьцаанд оржээ. Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин дутмаг байна" гэв. 

Ц.Гомбосүрэн нь Монгол Улсыг социалист дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжих шилжилтийн он жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны бодлого, чиг хандлагыг удирдан залж байсан учир шинэ үеийн ардчилсан, тусгаар Монголын “Гадаад бодлогын тулгын чулууг тавигч” хэмээн үнэлэгддэг. Тиймээс ч түүний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурьтай оролцогчид санал нийлж байлаа.

Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн

Ц.Гомбосүрэн: Гуравдагч хөршийн бодлогоос хоёр хөрш болгоомжлох боллоо. Одоогийн баримталж буй дотоод бодлого нь гадаад бодлогоо саатуулах, гадаад бодлогынхоо барьцаанд орж байна. Бид 1990 оных шиг Олон улсын валютын сангийн барьцаанд орчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл тэдний хэлснээр нийгэм, эдийн засаг, сангийн дотоод бодлогоо явуулахаас өөр аргагүй байдалд оржээ. Үүний буруутан нь бид өөрсдөө. УИХ-аар батлагдаж буй хууль тогтоомжийг харахад өнөөдрийн хөгжлөө тушаж байна. Өнөөдрийн хөгжилгүйгээр маргаашийн хөгжил гэж ярих боломжгүй.

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал нь гадаад, дотоод алдаатай бодлого хэрэгжүүлснээс болсон бөгөөд үүнийг засч, сайжруулахын тулд Үндсэн хуулийг шинэчилж, өөрчлөх ёстой гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Хэлэлцүүлэгт МАХН-ын ахмад, дунд, залуу үеийнхэн оролцсон.  

Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун

Тэдний нэг бол хашир туршлагатай дипломатч, нэгэн үе Гадаад харилцааны сайдын алба хашиж байсан Л.Эрдэнэчулуун. Тэрээр улстөрчид дараагийн сонгуулиа боддог бол төрийн зүтгэлтэн хүн улсаа боддог. Тиймээс бид улстөрчийг биш төрийн зүтгэлтнийг сонгох учиртай юм гээд Монгол Улсыг төвийг сахих бодлоготой улс болгохоор зүтгэж байгаад эрс шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн.

Монгол Улс бол эвсэлд үл нэгдээгүй орон, улсын гадаад бодлогыг зөвхөн Гадаад харилцааны яам гаргадаг бөгөөд аль ч улсын Ерөнхийлөгч гадаад бодлогоо тодорхойлж байсан практик байхгүй гэлээ. Төвийг сахих бодлого хэрэгжүүллээ гэхэд хоёр хөршийн байр суурийг харгалзан үзэх хэрэгтэй, заавал хууль гаргах биш үзэл баримтлалдаа тусгаж болох юм гэсэн санааг дэвшүүллээ. 

Л.Эрдэнэчулуун: Улстөрч хүн дараагийнхаа сонгуулийг боддог бол төрийн зүтгэлтэн хүн улс орныхоо ирээдүйг боддог. Улстөрч хүн намынхаа төлөө ажилладаг бол төрийн зүтгэлтэн хүн улс орныхоо төлөө зүтгэдэг. Төрийн зүтгэлтэн хүн манлайлахыг хүсдэг бол улстөрч хүн урсгалаараа явж байгаагаа харуулахыг хүсдэг гэсэн ончтой үг бий. Үүнийг манай төрийн өндөр, дээд албан тушаалтнууд бодох ёстой.

Төвийг сахих бодлогын асуудал намжсан гэж бодож байсан ч эргээд сэргэлээ. Төвийг сахих бодлого баримталснаар улс орноо гадны халдлагаас хамгаална гэж олон нийтэд ухуулж байна. Монгол Улсыг төвийн сахих бодлоготой болгохын тулд Ерөнхийлөгч, түүний зөвлөх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэмжлэгийг авахаар хөөцөлдөж байгаа сураг ч дуулдлаа. Монгол Улс эвсэлд үл нэгдээгүй орон бөгөөд гадаад улсаас цэрэг оруулахгүй гэдгээ дэлхий нийтэд зарласан орон шүү дээ. Тэгэхэд одоо юу болж байна вэ?

НИТХ-ын дарга асан, НИТХ-ын Зөвлөх зөвлөлийн дарга Ц.Баасанжав

Хотын дарга асан, нийслэл хоттой олон жил ажил, амьдралаа холбосон Ц.Баасанжавын тухайд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, гэхдээ сайжруулах ёстой бөгөөд суурь зарчим, үзэл санаа, бүлэг хоорондын уялдааг сайтар ойлгосны үндсэн дээр өөрчлөх ёстой гэлээ. Мөн тэрээр Үндсэн хуульд нутаг дэвсгэрээ олон хуваахаас сэрэмжлүүлсэн агуулга оршиж байдаг учраас түүнийг өөрчлөхгүйгээр хотын төвлөрлийг сааруулж, сайхан орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэлээ.

Ц.Баасанжав: Хөгжлийг хүний аюулгүй, амар тайван, аз жаргалтай амьдарч байгаагаар л хэмждэг. Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтун гэдэг. Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санааг ойлгохгүйгээр өөрчлөлт хийж болохгүй. Үндсэн хуулиа баримталж, хот тосгоны асуудалд анхаарч ирсэн бол Улаанбаатар хотод өнөөгийн төвлөрөл үүсэхгүй байсан. Төвлөрөл бий болсноор үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, аюулгүй, эрүүл орчин, байгаль орчны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна.

Хүн амьдрах орчноо чөлөөтэй сонгох ёстой гэсэн томьёолол бий. Гэхдээ энэ нь нэг газар ирээд бүгд бөөгнөрчих гэсэн үг биш. Төвлөрөл үүссэн тохиолдолд хуулиар хязгаарла гэж Үндсэн хуульд заасан байдаг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж бий. УИХ-аас шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай хууль гаргаагүй байхад Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Хууль тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Онцгой бүрэн эрх бусад сувьектэд шилжихгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ мэтээр хууль дээдлэх зарчим алдагдсан байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ч.Авдай Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрээр одоогийн үйлчилж буй тогтолцоо, зарчим, бодит байдлыг харахад Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон мэт байна гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав

Эдийн засагч, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Үндсэн хуулийг эдийн засагжаагүй гэж тодорхойллоо. Тэрээр төр өмчөө бүртгэж чаддаггүй, өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулдаггүйгээс олон хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод учирласан юм.

Талууд хэлэлцүүлгийг маш үр дүнтэй бөгөөд цаг үеэ оллоо гэж дүгнэлээ.