ЭЗБХ: Чуулганы хугацаанд нийт 4 хууль, 13 тогтоолыг эцэслэн батлуулжээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.22/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооны үйл ажиллагаа нь улс орны эдийн засагт бий болсон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах зорилтын хүрээнд эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хөтөлбөр, зарим хууль тогтоомжийг хэлэлцэн батлуулах, төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус тодорхойлох, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, яам, газруудын тайлан, мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэгт чиглэсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва мэдээллийн эхэнд танилцууллаа.
2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 32 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, ажлын хэсгүүд 10 гаруй удаа тус тус хуралдсан байна. Давхардсан тоогоор 60 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 32 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10-аад Ажлын хэсэг байгуулан ажилуулжээ.
Ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 13 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн аж.
Улс орны эдийн засагт бий болсон хүндрэлийг даван туулж, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэн баталж, энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлүүдийг тус тус тодорхойлсон нь намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг байсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.
Тайлант хугацаанд тус Байнгын хороо хяналт, шалгалтын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч ажилласан талаарх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцуулав.
Байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа хүрээнд хамрагддаг яам, газруудаас гарган ирүүлж байх тайлан, мэдээ, мэдээллийн нэгдсэн хуваарийг батлан хүргүүлж, уг хуваарийн дагуу яам, газруудаас холбогдох тайлан мэдээллээ тогтмол хугацаанд авдаг болжээ. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар холбогдох яам, газруудын мэдээллийг сонсох нэгдсэн хуваарь гарган урьдчилан хүргүүлж, уг хуваарийн дагуу нийт 13 удаагийн мэдээллийг 20 гаруй төрлийн сэдвээр сонсох ажлыг зохион байгуулж, мэдээлэл сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос 10 гаруй удаагийн тогтоол, протоколоор Засгийн газар болон яам, газруудад үүрэг чиглэл өгсөн байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зарим Ажлын хэсэг ажиллаж, Монголбанкинд ажиллахаас гадна Байнгын хорооноос зарим томоохон уул уурхайн болон дэд бүтцийн чиглэлийн аж ахуй нэгжүүдийн ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байгаа гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонссон болохыг мөн сэтгүүлчдэд танилцуулаад, тодорхой мэдээллийг хийлээ.
Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.