Уяачдад баяр хүргэж, шагнал гардууллаа
2017.02.23

Уяачдад баяр хүргэж, шагнал гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай цол хүртсэн уяачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Энэ жил Монгол Улсын Тод манлай уяач цолоор тав, Манлай уяач цолоор долоо, Алдарт уяач цолоор 11, нийт 23 хүн шагнагджээ.

Тэдний дотор ах, дүү хоёр байгаа бөгөөд Ононгийн Батбилэг Тод манлай уяач, Ононгийн Батболд Алдарт уяач цол хүртсэн байна. Нэг зарлигаар ах дүүс улсын цолд хүрсэн ийм тохиолдол урьд нь гарч байгаагүй юм. Түүнчлэн аав, хүү хоёр (Дамбадаржаагийн Онон, Ононгийн Батбилэг) Тод манлай уяач болж байгаа нь бас анхны тохиолдол аж.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Бат-Өлзийн Отгоннасанд энэ жил давхар баяр тохиож байгаа юм байна. Тэрбээр “Монгол Улсын аварга малчин” хэмээх цолыг хэдхэн өдрийн өмнө гардан авсан бол өнөөдөр ийнхүү “Тод манлай уяач” болжээ.

УИХ-ын дарга М.Энхболд дараа нь 2016 оны шилдэг салбар холбоод, гал уяа, уяач, уралдаанч хүүхдүүдэд баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны 2016 оны “Шилдгийн шилдэг уяач”-аар Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Ононгийн Батбилэг, “Шилдэг залуу уяач”-аар Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир, “Шилдгийн шилдэг уралдаанч хүүхэд”-ээр нийслэлийн ХУД-ийн 59-р сургуулийн V ангийн сурагч, “Түмний эх” гал уяаны уралдаанч Гүндэгмаагийн Отгонбаяр, “Шилдгийн шилдэг салбар холбоо”-гоор Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” холбоо, “Шилдэг гал уяа”-гаар Дамбадаржаагийн Ононгийн ахалсан “Түмний эх” гал уяа, “Шилдэг салбар холбоо”-гоор Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбоо, “Сумын шилдэг салбар холбоо”-гоор Архангай аймгийн Өндөр-Улаан, Завхан аймгийн Яруу, Өмнөговь аймгийн Манлай, Булган аймгийн Сайхан, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Налайх дүүргийн холбоод шалгарчээ.

Түүнчлэн “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр 29 хүүхэд, “Шилдэг уяач”-аар нэр бүхий 28 уяач шалгарсан байна.

УИХ-ын дарга цол хүртсэн, шилдгээр шалгарсан уяач, унаач хүүхэд, салбар холбоодод  баяр хүргэж, уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь золбоолог байхыг хүсэн ерөөж, Сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлэв.

УИХ-ын дарга М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг билээ