“Монгол Улсын аварга малчин” Ц.Доржсүрэнд шагналыг нь гардууллаа
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн Увс аймгийн Өлгийн сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэнд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд УИХ-ын гишүүд, яамдын сайд, дэд сайд нарын хамт шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
Улсын аваргын хотонд УИХ-ын дарга М.Энхболдын хамт УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Г.Цогтгэрэл болон Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат нар хүндэтгэл үзүүллээ.
Шагнал гардуулах үед Өлгий сумын удирдлагууд, малчид, ах дүү төрөл төрөгсөд нутгийн зон олон хуран цугласан байлаа. Ц.Доржсүрэн нь мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ сум багийнхаа цөөн малтай иргэдийг малжуулах, эмнэлэг, сургууль цэцэрлэг зэрэг сумынхаа төсвийн байгууллагуудыг дэмжихэд онцгой анхааран ажилладаг.
МАА-н салбарт амжилт гарган ажилласан тул 2006 онд Улсын залуу малчдын анхдугаар зөвлөлгөөн, 2007 онд 1000 малчны чуулга уулзалтанд оролцсон, 2008 онд аймгийн аварга малчин, ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Сүүлийн 3 жилд 1425-1865 толгой мал тоолуулж, 106,9-109,0 хувиар төл бойжуулж , сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жин бодод 43,0 % богт 56,3%-д хүргэж, ямааны эзлэх хувь нийт сүрэгт 21,5 % болж хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангасан амжилтаар “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цолыг хүртжээ.