Эмнести Интернэшнл: 2016 он бол талцал, хуваагдалд турхирсан жил байлаа
Дэлхий дахины хүний эрхийн байдал Эмнести Интернэшнл ТББ-ын тайлан 2016/17
2017.02.22

Эмнести Интернэшнл: 2016 он бол талцал, хуваагдалд турхирсан жил байлаа

Энэ дүгнэлтийг Эмнести Интернэшнл байгууллагаас хийлээ. Дэлхийн 159 орны хүний эрхийн нөхцөл байдалд цогц шинжилгээ хийсний дүнд ингэж дүгнэсэн бөгөөд энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, танилцуулсан юм.

Эмнести Интернэшнл нь хүний эрхийн зөрчлийг төгсгөл болгохын төлөө компанит ажил өрнүүлдэг дэлхийн 150 гаруй орны 7 сая гаруй гишүүд, дэмжигчид, хүний эрхийн хамгаалагчдыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хөдөлгөөн юм.  Тус байгууллага нь Засгийн газар, улс төр, шашны үзлээс ангид байж, гишүүд, олон нийтийн хандивааар санхүүждэг.

Хэвлэлийн бага хуралд Эмнести Интернэшнл Монгол байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Эмнести Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга Д.Оюунгэрэл, тус байгууллагын Хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбат нар оролцлоо.

Эмнести Интернэшнл байгууллагаас дэлхийн дахины хүний эрхийн төлөв байдлыг дэлхий даяар нэг өдөр нэгэн зэрэг танилцуулдаг байна. Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн турш уг тайланг танилцуулж байгаа бөгөөд тайланд дэлхийн 159 орны хүний эрхийн нөхцөл байдалд цогц шинжилгээ хийжээ.

Тайлан нь ямар асуудал байна, уг асуудлыг даван туулахад ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай вэ гэдгийг гаргаж тавьдагаараа онцлог. Өнгөрсөн онд 150 орны хүний эрхийн талаар цогц шинжилгээ хийсэн бол энэ жил 9 орон нэмэгдсэн байна. 

400 гаруй хуудастай тайлан нь УИХ, Засгийн газар, улс төрчид, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчид, иргэний нийгмийн байгууллагууд, ирээдүй хойчдоо санаа зовниж буй эцэг, эхчүүд гээд бүх хүнд зориулсан гэдгийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа онцоллоо.

"Дэлхий дахины хүний эрхийн байдал 2016/17" тайлангийн гол агуулгыг Эмнести Интернэшнл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти нэг өгүүлбэрт багтаан тодорхойлжээ.

Тэрээр “Ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд хүрэх гэсэн, эрх мэдлээс зуурч үлдэх гэсэн хүмүүсийн айлгаж, яллаж, буруутгахаар зохиосон сурталчилгаа, сүртэй яриагаар хүний эрхэм чанар, тэгш эрх, хүн төрөлхтний гэр бүл гэсэн үзэл санаа руу хайр найргүй дайрч, довтолж байгааг 2016 онд бид харлаа” гэж дүгнэжээ.  

Б.Алтантуяа: Бид таван бүлэг асуудалд санаа зовниж, дөрвөн асуудлаар уриалга гаргаж байна

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал 

Дэлхийн 159 оронд хийсэн хүний эрхийн нөхцөл байдлын цогц шинжилгээний үр дүнг авч үзэхэд, 2016 он бол хүний эрхийн төлөө тэмцэгч, түүнд санаа зовнигч хүмүүсийн хувьд хар, бараан бөгөөд талцал, хуваагдлын жил байлаа. Тэр битгий хэл дэлхийн хоёрдугаар дайн бүхий байдал дэлхийн зарим улсад бий болжээ гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Тухайлбал,

Сири улсын Алеппо хотыг юу ч үгүй бөмбөгдсөн, тэр дундаа эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг үнсэн доврог болгосон аймшигт хэргийцлийг жишээ татаж болох юм.

Дэлхийн 22 оронд дайны гэмт хэрэг өдөөгдсөн болохыг энэхүү тайлангаараа олон нийтэд ил болгож байгаа юм. Тиймээс Эмнести Интернэшнл хүний эрхийн маш олон зөрчил байгаагаас таван асуудалд санаа зовниж байна. Үүнд,

- Өнгөрсөн жил олон оронд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болсон. Харамсалтай нь улстөрчид эрх мэдлээсээ зуурч үлдэхийн төлөө маш увайгүйгээр хүн төрөлхтний үнэт зүйлс рүү халдаж, үзэн ядалт, үймээн самууныг өдөөсөн үг, үйлдэл гаргаж байлаа.

Нийгэм, улс төр, эдийн засгийн алдаатай бодлогынхоо хор уршгийг бусдад тохохыг оролдлоо. Энэ бүх хандлага, хүний эрхийн зөрчил дэлхийн улс орнуудад шил шилээ даран гарлаа. Тэр дундаа эмэгтэйчүүд, дүрвэгч рүү чиглэсэн, тэднийг үзэн ядсан, үл ойшоосон байдал газар авлаа. Энэ бүхэнд Эмнести Интернэшнл байгууллага санаа зовниж байна.

- Олон улсад эрх баригчид хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилж, хий хоосон, худлаа амлалтаараа хүний эрх, эрх чөлөөг барьцаалж байгаад Эмнести Интернэшнл байгууллага санаа зовниж байна.

- Дэлхий дахинд тархсан зэвсгийн худалдаа, түүний хяналтгүй байдал зэргээс болж, зэвсэгт мөргөлдөөн маш их гарч байна. Энэ бүхнээс болж, зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, дайны гэмт хэрэг үйлдэгдэж байна. Үүнийг Олон улсын хамтын нийгэмлэг үл тоож байгаад хүний эрхийн хамгаалагчид санаа зовниж байна.

- Өөрсдийн гаргаж буй алдаа, харгис хэрцгийллээ нуун дарагдуулж байгаа бөгөөд тэдэнд өгсөн шүүмж, зөвлөмжид ул суурьтай хандахгүй, шүүмжлэлийг ямар ч үнээр хамаагүй таслан зогсоох үйл явц олон улсад өрнөлөө.

Мэдээлийн технологи, харилцаа холбооны дэвшлийг сайнаар ашиглахын оронд ард иргэдээ хянах, тэднийг тандах хэрэгсэл болгон ашиглаж, хүний хувийн нууцад ямар ч хамгаалалтгүйгээр халдах зэрэг нь сэтгэл түгшээж байна.

- Олон оронд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байна. Жилээс жилд улстөрчдийн увайгүй үйлдэл, хүний эрхийн зөрчил, ял завших байдал гаарч байгаатай холбоотойгоор иргэдийн бухимдал нэмэгдсээр.

Харамсалтай нь энэ бүхний хариуд тэднийг нухчин дарж, айдас хүйдэст автуулж байгаа байдал 2017 онд ч хадгалагдсаар байх уу гэдэг нь тодорхойгүй байна. Ийнхүү тодорхойгүй байдал үүссэнд Эмнести Интернэшнл санаа зовниж байна.

Энэ жилийн тайланд хүний эрхийн төлөө цогтой тэмцлийн тухай тусгаж өгснөөрөө онцлог.

Дэлхийн 23 оронд хүний эрхийн хамгаалагчдын амь насанд халдсан хэрэг гарчээ. Гэвч ямар ч дарангуй нийгэм байлаа гэсэн, яаж ч нухчин дарлаа гэсэн хүний эрхийн хамгаалагчид, идэвхтнүүд хүний эрхийн төлөө тэмцэж чаддаг гэдгээ харуулсан. Энэ нь ирээдүйд хүний эрхийн зөрчил багасна гэсэн итгэл, үнэмшил төрүүлж байна.

Нөгөө талаас өнгөрсөн онд хүний эрхийн төлөөх үйлсэд нэгэн ухралт гарсан нь Африкийн гурван улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарах мэдэгдэл хийсэн байдаг.

Олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зорилготой, байнгын ажиллагаатай шүүх юм. Гэтэл дэлхийн зарим улс орон дайны гэмт хэрэг өдөөгчдийг халхлахын тулд хүн төрөлхтний хамтаараа байгуулсан шүүх тогтолцоог үгүй болгохыг оролдлоо.

Энэ бүхнийг харгалзан үзээд хүний эрхийн зөрчилгүй, тэгш сайхан ирээдүйг бий болгохын төлөө хүн төрөлхтөн юу хийх ёстой юм бэ, юуг анхаарах вэ гэдэг дээр Эмнести Интернэшнл байгууллага уриалга гаргалаа. Үүнд,

- Хүний эрхийн зөрчлийн эсрэг эрэлхэг зоригтой дуу хоолой болж, хүн бүр хүний эрхийн хамгаалагчид болох ёстой.  

- Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, хүний эрхийн хамгаалагчдыг хүн бүр хамгаалах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна.

- Гэмт этгээдүүд ял шийтгэлгүй үлдэхийн тулд улс төрийн зорилгоор хүний эрхийг хамгаалах механизм, институци рүү халдаж байгааг нэн яаралтай таслан зогсоох, хүний эрхийн институцийг байгуулах шаардлага тулгарч байна. 

- Сонгуульд нэр дэвшигч улс төрчид, эрх баригчид ард түмнийг талцуулдаггүй, айдаст автуулдаггүй байх шаардлагыг тавьж байна.

Д.Оюунсүрэн: Бүс нутгуудад хүний эрхийн зөрчил өргөн хүрээг хамарсаар

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга

2016 оны тайланд бүс нутгийн тоймыг тусгайлан тусгасан. Ази-Номхон далайн бүс нутгийн хувьд дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг. Энэ бүс нутагт өнгөрсөн онд хүний эрхийн нөхцөл байдал таатай байсангүй.

Хүний эрхийн зөрчил өргөн хүрээтэй байсаар байна. Ялангуяа хүний эрхийн зөрчил гаргасан атлаа ял, шийтгэл хүлээдэггүй тохиолдол энэ бүс нутагт түгээмэл байна.

Гэхдээ нэг сайн жишээ дурдахад Шри-Ланка улсад олон арван жилийн турш гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд олон улсын эрх зүйн дагуу хариуцлага хүлээлгэх анхны алхам хийсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы арми эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолд өртүүлж байсан асуудлаар Япон, БНСУ-ын талууд хэлэлцээр хийж чадсан ч хохирогчдыг оролцуулж чадаагүйн улмаас нилээдгүй шүүмжлэл дагуулсан. Филиппин улсад Эрүүдэн шүүхийн эсрэг хуулийг үндэслэн цагдаагийн ажилтанд ял, шийтгэл ногдуулсан нь анхны тохиолдол болж байна. 

Зүүн Азийн улс дотроос Хойд Солонгосыг онцлох нь зүйтэй. Энэ улсад одоогийн байдлаар 120 мянга гаруй хүн хорих лагерьт байна. Тэдэнд эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хүнлэг бус харьцаж, албадан хөдөлмөр эрхлүүлэх нь гаарч байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 2011 онд Засгийн эрхэнд гарснаас тус улсад тогтсон дэглэм улам чангарч, хүний эрхийг ихээр зөрчих болсныг уг тайланд дурдсан.

Ази-Номхон далайн бүс нутагт дүрвэгсэд маш их байна.

Зөвхөн Пакистан, Иран улсуудад гэхэд Афганистаны 2 сая дүрвэгсэд очсон байдаг. Эдгээр дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж хангалттай хүрч чадахгүй байгаа бөгөөд дүрвэгсдийн хуаранд маш хүнд нөхцөлд амьдарч байна.

Нөгөө талаар тус бүс нутгийн Австрали зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс орон дүрвэгсдийг хүлээж авах асуудалд хойрог хандаж, үүрэг хариуцлагаас зайлсхийж, олон улсын эрх зүйг зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгаад Эмнести Интернэшнл байгууллага шүүмжлэлтэй хандаж байна. Жишээлбэл, Наури улстай Австрали улс дүрвэгсдийг шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан нь олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл юм.

Европ ба Төв Азийн бүсийн тухайд хүний эрхийг харьцангуй сайн хамгаалж байгаа боловч дүрвэгсдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хүний эрхийн зөрчил их гарах болсон. Тиймээс Европын холбоо, түүний гишүүн улсууд аль болох олон дүрвэгчийг буцаах бодлого барьж байна. Унгар улс гэхэд Серви улстай хиллэдэг хил орчмын бүс нутагтаа хашаа хайс барьж, дүрвэгсдийг хүчээр буцааж байна.

Европын нөлөө бүхий улс Франц нь “Ширэнгэн ой” нэртэй дүрвэгсдийн хуарангаа татан буулгасан. Үүний улмаас олон дүрвэгч хэцүү байдалд орсон.

Энэ бүс нутагт дүрвэгсдийн талаар хамгийн нааштай алхам хийж буй улс орон бол Герман. Тус улс нэг сая орчим дүрвэгчийг хүлээн авч, тэдэнд туслалцаа үзүүлж байгаад Эмнести Интернэшнл байгууллага талархаж байна.

Европт терроризмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих, Засгийн газар мөрдөн хянах эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх алхмууд хийлээ. Жишээлбэл, Их Британи улс өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан хуулиараа мөшгөн хянах тогтолцоог бий болгоод байгаа нь туйлын харамсалтай юм. 

Мөн гадаадын иргэдийг үзэн ядах гэмт хэрэг сүүлийн үед маш их нэмэгдэж байна. ОХУ-д гэхэд Гадаадын агентуудын тухай хуулиараа дамжуулан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын эсрэг хатуу арга хэмжээ авч байна. Тухайлбал,

2016 он гэхэд ОХУ-д гадаадаас санхүүждэг боловч бие даасан үйл ажиллагаа явуулдаг 12 ТББ-ыг гадаадын агент гэсэн жагсаалтад хамруулснаар одоогоор 146 ТББ уг жагсаалтад орсон. Эдгээрээс 35 байгууллагын үйл ажиллагааг бүрмөсөн хаалаа.

Цаазаар авах ялын тухайд Европын улсуудаас зөвхөн Беларус улс цаазын ялтай улс юм. Тус улс 2016 онд дөрвөн хүнд цаазаар авах ял оноосон.

Ойрхи Дорнод ба Хойд Африкт хамгийн сэтгэл түгшээсэн асуудал бол Сирийн хямрал. Сирийн хямралаас болж, 300 мянган хүн амь насаа алдаад байна. 11 сая хүн гэр орноо орхиж дүрвэхээс өөр аргагүйд хүрээд байгаагаас 6,6 сая нь дотооддоо дүрвэжээ.

Йемен улсад нөхцөл байдал хүнд байна. Тус улсад хүн амын амь зуух эрх зөрчигдсөн. 2 сая хүүхэд хоол, тэжээлийн архаг дутагдалд ороод байна. 19 сая хүн хүмүүнлэгийн туслалцаа авах шаардлагатай байна. 

Р.Очирбат: Өнгөрсөн онд Монгол Улсад гурван асуудлын хүрээнд хүний эрх ноцтой зөрчигдөж байна

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Хуульчдын бүлгийн ахлагч

Зургадугаар сард болсон парламентын сонгуулиар сөрөг хүчин байсан Монгол Ардын нам дийлэнх суудал авсан. Шинэ байгуулагдсан Засгийн газар өмнөх парламентын баталсан таван хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан ба үүнд цаазаар авах ялыг халсан Эрүүгийн шинэчилсэн хууль багтсан.

Засгийн газар хүний эрхийн хамгаалагчдыг төрийн байгууллага болон төрийн бус этгээдийн халдлага, заналхийллээс хамгаалж чадсангүй. Эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа түр саатуулах газарт түгээмэл тархсан.

Хууль тогтоомж нь олон улсын хууль, хэм хэмжээнд нийцээгүйн улмаас Улаанбаатар хотын оршин суугчдын шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх зөрчигдөж, албадан нүүлгэлтэд өртөх эрсдэлтэй байна.

Орон байртай байх эрх:

Нийслэл Улаанбаатар хотод хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч холбогдох хууль эрх зүй, бодлогууд хожимдон гарч байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг өргөн хамарсан хот дахин төлөвлөлт нь хотын төлөвлөгдөөгүй хүн амын өсөлт болон нэмэгдэж байгаа бохирдлын асуудлыг шийдвэрлэхээр 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн.

Гэвч төрөөс тодорхой шаардлага хангасан зохицуулалт хийгээгүй, үр дүнтэй санал солилцох явц байхгүй, хяналт тавиагүй нь дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн эрх ялангуяа шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүргэсэн байна.

Улаанбааатар хотын Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй хуучирч өмхөрсөн байранд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдүүдтэй айл өрхүүд 2015 оны өвөл гадаа -30´С хүйтэнд төвийн халаалтгүй байрандаа өвөлжсөн нь дахин төлөвлөлтийн төлөвлөгөө оршин суугчдад гамшигт үр нөлөө үзүүлсэн нэгэн жишээ юм.

Эрх баригчид тус байрны зарим суугчийг 10 дугаар сард түр орон байраар хангасан ч гомдлоо барагдуулах механизм болон үр дүнтэй хамгаалалт байхгүйгээс тэд хүний эрхийн зөрчилд өртөх эрсдэлтэй байна.

Хүний эрхийн хамгаалагч:

Хүний эрхийн хамгаалагчид  төрийн болон төрийн бус этгээдийн зүгээс үзүүлж буй сэтгэл зүйн болон бие махбодийн халдлага, заналхийлэлд өртсөөр байна.

Ирвэс хамгаалах сангийн байгаль орчны идэвхтэн Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн 2015 оны сүүлчээр сэжиг бүхий байдалд нас барсан хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос ТББ-уудын тухай хууль болон бусад дотоодын хуулиуд нь хүний эрхийн хамгаалагчийн эрхийг бүрэн хамгаалж чадаагүй гэж мэдээллээ.

Эрүү шүүлт ба бусад зүй бус хандлага:

Хорих газарт эрүү шүүлт болон зүй бус харьцаа түгээмэл хэвээр байна. Эрх баригчид хоригдогсдыг айлган сүрдүүлэх, гэр бүл, өмгөөлөгчтэйгээ уулзахад нь бэрхшээл учруулахын тулд удаа дараа хорих төвүүдийн хооронд шилжүүлэх эсвэл орон гэрээс нь хол байрлах хорих газарт хорьж байна.