Байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг баталлаа
2017.02.15

Байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг баталлаа

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа төсөвт байгууллага гадаад улсын байгууллагатай байгуулж байгаа баримт бичгийг “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-аар зохицуулдаг.

Энэ дагуу Гадаад харилцааны яам тухайн гэрээний агуулга, зохицуулж байгаа харилцаа, цаашид хэрэгжүүлэх ажил зэрэг нь бодитой, үр дүнтэй эсэхийг хянахын зэрэгцээ тухайн улстай байгуулсан Засгийн газар хоорондын түвшний баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, хоёр хэл дээрх эх бичвэр ижил байгаа эсэхийг шалгадаг байна.

Яам  2015 онд 63, 2016 онд 79 баримт бичгийг хянаж, санал, зөвлөмж өгчээ. Ингэхэд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцээгүй, тухайн шатны удирдлага эрх мэдэл, бүрэн эрхээ хэтрүүлсэн, Засгийн газар хоорондын гэрээгээр нэгэнт зохицуулсан асуудлаар дахин гэрээ байгуулсан, гэрээний төсөл боловсруулахдаа олон алдаа гаргаж, зөвхөн айлчлал хэрэгжүүлэх зорилгоор 1-2 өгүүлбэртэй, хэлбэр төдий гэрээ хийх, зөвхөн гадаад хэлээр байгуулах зэрэг ноцтой алдаа дутагдал их гарч байжээ.

Энэ бүхнийг засч залруулах үүднээс “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Товч мэдээ

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.

-Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах талаар ОХУ-ын Эрчим хүчний яамтай хэлэлцээ хийхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд зөвшөөрлөө.

-Энэ сарын 27-ноос Швейцарийн Холбооны Улсын Женев хотод эхлэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 34 дүгээр чуулганд Монголын талаас оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн шинэчлэл зэргийн талаар энэ чуулганд танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.