Н.Амарзаяа: Мал аж ахуйн түүхий эд түүний үнэ цэнэ доогуур байсаар байна
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хүрээнд хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Өмнө нь Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий гээд 5 аймагт энэ төсөл хэрэгжсэн юм байна. Одоо аль аймгаг, сумдад хэрэгжихээр төлөвлөж байгаа вэ?
Мэдээж малчдын малын түүхий эд маш доогуур үнэтэй байна. Зөвхөн ноолуураар л амьдарч байна. Ноолуураа бусад цагт банкны зээл, дэлгүүрийн зээл барьцаанд л амьдарч байгаа. Тийм болохоор энэ хөдөө аж ахуйн малчдын үйлдвэрлэж байгаа түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, худалдан авагчтай нь холбох чиглэрээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
ХХААЯ-ны сайд П.Сэргэлэн: Архангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай гэх мэт аймгуудыг Хөдөө аж ахуйн олон улсын хөгжлийн сан сонгосон байгаа.
Тус байгууллагынхан өөрсдөө энд ажилладаг ажлын хэсэгтэй. Тэрхүү ажлын хэсэг нь орон нутгаар явж сонголтоо хийсэн. Сумдыг сонгохдоо бол ядуурлын түвшин, хүн амын тоо, ядуу өрхийн тоо, малчин өрхийн тоо, малын тоо, мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамж ямар байна, зах зээлд нэвтрэх боломж, төслийн үр ашигтай хэрэгжүүлэх газар зүйн байрлал гэх мэт эдгээр зүйлийг харгалзаж сонгосон. Яамны зүгээс энэхүү төсөлтэй холбоотой нэмэлт хэлэлцээрт орьё гэсэн санал тавьчихсан байгаа.