УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан
2017.02.06
С.Эрдэнэ: Л.Гансүхийн асуудлаар прокурорт хүсэлт хүргүүлнэ
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж нар оролцлоо. Хурлаар Эрүүгийн болон Зөрчлийн хууль, бусад гэсэн асуудлын хүрээнд зарим асуудлыг ярилцсан байна.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрүүгийн болон Зөрчлийн хуульд шинэчлэн найруулгын хэмжээнд өрчлөлт оруулж байгаатай холбогдуулан мэргэжлийн хүмүүс болон ХЗДХЯ-ны удирдлагуудаас мэдээлэл авлаа. Зөрчлийн тухай хуулийн хэрэгжин хугацаа нь ирэх долоодугаар сарын 01-н байгаа. Зөрчлийн тухай хуулийн үндсэн үзэл санаанд өөрчлөлт ороогүй, техникийн шинжтэй үг, үсэг, зүйл заалтын тайлбар зэрэгт өөрчлөлт орж байгаа гэсэн тайлбар өгсөн. Эрүүгийн хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа юм байна.
Мөн л техникийн чанартай өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бидний зүгээс Эрүүгийн, Зөрчлийн хуулийг нэгтгээд иргэд болон хуульчдад зөв ойлгогдох талаас нь нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн бүлгийн дүгнэлт гарган ХЗДХЯ-ны удирдлагад тавихад боломжтой гэсэн хариу өгсөн” гэлээ. Эрүүгийн, Зөрчлийн хууль заасан зорчих эрхийг хязгаарлах зүйл заалттай холбоотойгоор хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлийг хэлсэн. Эрүүгийн хуульд хорих доод хугацааг долоо хоног байсныг зургаан сар болгон өөрчилж байгаа. Торгуулийн хэмжээгээр зохицуулах замаар доод хэмжээг зургаан сар болгож байгаа нь хөрөнгө мөнгө хэмнэж, хоригдох хүний тоо эрс багасна гэж үзэж байгаагаа танилцуулсан юм байна.
Бусад гэсэн асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн хоригдож байгаатай холбоотой асуудлыг бүлгээр хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Л.Гансүхийн өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцаасан байгаа юм байна.
Гэр бүлийн хүн нь хүн өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурдсан байгаа. Бид бүлэг дээр ярилцаад бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргасан. Бүлгийн улс төрийн албан ёсны байр суурийг одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо” гэсэн юм. Түүнчлэн Засгийн газрын 200 дахь хоногийн дүнг авч хэлэлцэхээр болсон гэнэ. Учир нь Засгийн газар байгуулагдаад 200 дахь хоногтоо ажил нь явагдаад дуусч байгаа. Тиймээс энэ хуганцаанд юу хийсэн, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарсан зэрэгтр дүгнэлтээ гаргахаар болсон байна. Тиймээс энэ сарын 13-ны өдөр буюу дараагийн бүлгийн хурлаар Засгийн газрын 200 дахь хоногийн ажлын дүнг авч хэлэлцээд олон нийтэд албан ёсны байр сууриа илэрхийлэх юм байна.