С.Эрдэнэ: Мөнгө тараасан бол дарга болохгүй байх ёс зүй бий
-Хэрэв мөнгө тараасан үйлдэл байдаг юм бол би намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий-
Ардчилсан намын дарга З.Энхболд болон намын удирдлагууд, намын сонгуулийн хорооны удирдлага намын даргын сонгуулийн дүн мэдээг танилцууллаа. Мөн нэр дэвшигчдээс Ж.Батзандан болон С.Эрдэнэ нар ирсэн бол бусад нэр дэвшигчид ирж амжаагүй гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд онцолсон юм.
АН-ын даргын сонгууль 21 аймаг, есөн дүүрэг 330 сум, 17 тосгонд 361 газарт санал авсан байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд нийт 176 мянган гишүүн бүртгүүлсэн ч 120703 нь санал өгөх эрхтэй болсон байна. Үүнээс 71,2 хувь ирцтэй буюу 85 939 хүн санал өгчээ.
Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулах ёстой байсан. Үүнээс,
-
Н.Алтанхуяг - 2033,08
-
Ж.Батзандан - 1110,77
-
Л.Гантөмөр - 1417,83
-
С.Эрдэнэ- 2928,92
-
Д.Эрдэнэбат - 857,22 оноог тус тус авсан байна.
Хамгийн өндөр оноо буюу 2928,92 оноогоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон байна.
АН-ын дарга З.Энхболд: АН-ын даргыг гишүүд нь сонгодог боллоо
Намын даргын сонгуульд түүхэнд анх удаагаа улс төрийн шийдэл хийлээ. АН фракциудад дарлуулсан нам байсан. Намын даргын сонгууль хийснээр даргаа гишүүд нь сонгодог болсон. Тиймээс хуучин системээр сонгогдсон сүүлчийн АН-ын дарга бол би. Өнөөдрөөс эхлээд С.Эрдэнэ АН-ын цаашдын шинэчлэлийг гүнзгийрүүлэн хийж, ирэх сонгуулиудад намаа ялалт байгуулах үүрэг хүлээж байна.
УИХ гишүүн С.Эрдэнэ: Бидний өмнө маш их хариуцлага байна
Таван нэр дэвшигч 20 гаруй мянган гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Хамгийн чухал зүйл нь очсон уулзалт болгонд АН-ын гишүүд сэргэж, босч байсан нь уулзалтуудын гол үр дүн байсан. Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН намын даргын сонгуулиар хөл дээрээ бослоо.
Цаашид улс төрийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн болсон гэж бодож байна. Таван нэр дэвшигчийг таван тийшээ салж явна гэж харах хүмүүс олон байсан ч бид намын шинэчлэлийн төлөө хамтдаа байж, хэн ч ялсан нэгийгээ дэмжээд хамтраад ажиллана гэдгийг сунгаа эхлэхээс өмнө тохирсон байсан.
Энэ дагуу ажиллаад ирлээ. Миний хувьд юуны түрүүнд намын эв нэгдлийг хангаж, намын үзэл баримтлалыг яаралтай шинэчлэх, бүтцийн шинэчлэлүүдээс намын даргын ажлаа эхлүүлнэ. Бидний өмнө маш их хариуцлага байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, хоёрдугаар сарын 12-нд АН VII их хурал хийх гээд олон ажлууд хүлээгдэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Эрдэнийг дэмжиж ажиллана
АН-ын дотоод сонгуулийн ажил 40 гаруй хоног үргэлжилж өндөрлөлөө. АН 180 мянган идэвхитэй гишүүнтэй гэдгээрээ бахархаж байна. Энэ удаагийн сонгуульд Ан-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулсан байна. Тиймээс ялалт байгуулсан нэр дэвшигчдээ дэмжиж ажиллана. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, ялагчаа дэмжиж хамтран ажиллахад оршино. Энэ удаагийн дотоод сунгаанд ялалт байгуулсан С.Эрдэнийг нөхрийн хувьд намын эв нэгдлийг хангаж, улс эх орныхоо эв нэгдлийн төлөө хамтран зүтгэнэ. Намын гишүүддээ амласан бүх шинэчлэлүүдээ ажил хэрэг болгох ажлыг хэрэгжүүлнэ чадна гэдэгт итгэлтэй байна.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Сонгууль зохион байгуулах явцад тодорхой зөрчлүүд гарсан. Энэ зөрчлүүд ямар журмаар зохицуулах вэ?
Сонгууль зохион байгуулах хугацаанд мэр сэр гомдол саналууд сонгуулийн салбар хороонд ирсэн. Үүнийг шат шатны сонгуулийн хороод шийдээд явж байгаа. Намын даргын сонгуулийн хороонд гомдол, хүсэлт ирсэн. Намын даргын сонгуулийн дүрэм хяналтын дэд хороо ирсэн гомдол бүрт зохих дүгнэлтийг гаргаж өгөөд явсан.
-Маш олон гишүүд саналаа өгч чадаагүй гэсэн мэдээлэл байсан?
Арванхоёрдугаар сарын 21-нд таван нэр дэвшигчидтэй уулзсан. Анхан дунд шатны намууд шинэ хүн бүртгэж авахгүй байна, тиймээс бүртгэлийг нээж өгөөч гэсэн хүсэлт тавьсан учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо бүртгүүлээгүй тохиолдолд төв нам дээр ирж бүртгүүлж болно гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл төв нам дээр бүртгүүлсэн 16 мянга орчим гишүүдийг бөөнөөр бүртгэх явдал гарсан учраас бүгдийг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлээд энэ 16 мянган гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана. Тодорхой нэр бүхий гишүүдийг санал өгүүлээгүй гэсэн мэдээлэл явж байсан. УИХ-ын гишүүн байсан ч, дарга байсан ч анхан шатны байгууллага дээрээ бүртгүүлэх, өөрийн биеэр ирээгүй учраас саналаа өгч чадаагүй тохиолдол гарсан.
-Намын даргаар С.Эрдэнэ сонгогдвол З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн тохироо хийгдсэн мэдээлэл яваад байна?
Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Би 2020 он хүртэл ямар нэг албан тушаал хашихгүй, 2020 онд УИХ-ын сонгуульд оролцоно. Намын энэ хүнд ажлаас хурдан өгөөд, жирийн хүн шиг амармаар байна. Намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын сонгуулийн маргааш өгсөн. Долдугаар хурлаар намын даргаас албан ёсоор чөлөөлөгдөнө.
-Бусад нэр дэвшигчид тань С.Эрдэнийг дэмжиж ажиллах болов уу?
АН-ын даргын сонгуулийн нээлтийн үеэр ч хэлж байсан нэг зүйл бол бусад нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгч нар гэж харж байгаа. Цаашдаа бусад дөрвөн нэр дэвшигчтэйгээ хамтран ажиллана.
-Үг хэлэхдээ бид эв нэгдэлтэй байна гэж ярьдагч хоорондоо эв нэгдэлгүй байгаа чинь үйлдлээрээ харагддаг. Яг одоо эвтэй байсан бол нэр дэвшигч Ж.Батзандангаас бусад нь яагаад ирсэнгүй вэ. Энэ нь С.Эрдэнийг дэмжихгүй гэсэн эсэргүүцлийн нэг хэлбэр мөн үү?
С.Эрдэнэ: Эв нэгдлийг үг, үйлдэл гээд олон зүйлээр илэрхийлж болно. Нэг үйлдлээс болж эв нэгдэлгүй байна гэж харах нь өрөөсгөл ойлголт. Өнөөдөр бид тавуулаа хамт явж, нэг зарчим барьж ажилласан. Хэн нэг нь ялсан ч бусад нэр дэвшигчид нь дэмжиж ажиллана гэсэн. Эсэргүүцсэн бус хүндэтгэх шалтгаантай байсан учраас өнөөдөр ирээгүй байх гэж бодож байна.
-С.Эрдэнэ намын дарга болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ зарлаж болох уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. VII их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодорхой болгоно. Миний хувьд сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг сонгох нь зүйтэй гэж бодож байна.
-АН-ын шинэ дарга АН-ыг фракцигүй нам болгож чадах уу?
АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намыг шинэчлэлийн хамгийн том зорилго буюу нам дотроо ямар нэг фракцгүй байх зорилго байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракци давамгайлсан үйл ажиллагаа явахгүй гэдгийг хариуцлагатай хэлж байна.
-Намын даргын хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ямар хүнийг томилох вэ?
Дөнгөж сонгуулийн дүн гарсан учраас томилгоог яаран сандран хийх нь зохимжгүй гэж бодож байгаа. Намын генсек бол гал тогоог удирдах хүн учраас зөв хүн олж тавихын төлөө ажиллана.
-АН-ын бүлгийн дарга Ж.Батзандан болох уу?
40 хоногийн турш гишүүдээс намын эв нэгдлийг хангаж, ардчилалын төлөө яваарай гэсэн. Энэ утгаараа ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаа илэрхийлж хэвлэлийн хуралд оролцож байна. Өнөөдөр би УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа. Ямар нэг албан тушаалд очих гэж энд ирсэн зүйл биш.
-С.Эрдэнэ гишүүнийг мөнгө тараасан гэсэн бичлэг явж байсан. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?
С.Эрдэнэ: Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрэв мөнгө тараасан үйлдэл байдаг юм бол би намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулалттайгаар энэ үйлдлийг хийсэн гэж бодож байна. Үүнийг сонгуулийн хороо ялгаж байгаа байх гэж бодож байна.
Ш.ЧИМЭГ