Л.Болд: Шунал хүмүүсийг захираад ирэхээр нам “үсгүй” ялагдал хүлээдэг
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.01.25

Л.Болд: Шунал хүмүүсийг захираад ирэхээр нам “үсгүй” ялагдал хүлээдэг

"Ярилцах танхим ”-ын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Л.Болд уригдан оролцож байна.

-АН-ын хувьд ялалт. ялагдлын буухиа бууралттай цаг мөч үргэлжилж байна. Өнөөдрийн нөхцөл байдал, чиг хандлагаас харахад АН-ын хувьд хамгийн чухал, хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ. Даргын сонгууль уу, аль эсвэл...?

Бид “МоАН-ын санаачилга”-ын хүрээнд АН-ын дотоод ардчиллыг бэхжүүлэх, шинэчлэлийн явцыг түргэтгэх чиглэлээр сүүлийн хоёр жил идэвхтэй ажиллалаа. Энэ санаачилгад олон гишүүн нэгдэж нийлж ажиллаж байгаа. Яг өнөөгийн нөхцөл байдлаар намын VI Их хурлаас даргын сунгаа зарласан учраас намын дарга, таван нэр дэвшигчийн хүрээнд бүх нийтийн анхаарал    төвлөрчихөөд байна.

Ерөнхийдөө даргын сунгаанаас намын бүх шинэчлэл хамаарна гэсэн өрөөсгөл ойлголт яваад байна л даа. Харин бидний тухайд ямар нэгэн нэр дэвшигч, албан тушаалын асуудал ярихаа болъё. Үнэт зүйл дээр тулгуурласан намын шинэчлэлийн бодлогоо урагшлуулахад илүүтэй анхааръя гэсэн байр сууринаас хандаж байгаа. Удахгүй хуралдах намын долоодугаар Их хурал дээр зөвхөн даргыг сонгох бус, намын дүрэм, үзэл баримтлал, ер нь намын үнэт капитал, шинэчлэлтэй холбоотой гол зарчмынхаа шийдлүүдийг ярилцана.

Намын VI Их хурал дээр үндсэн дүрмийн төслийн боловсруулалт маш хангалтгүй, бэлтгэл муу, цаад зорилго нь зарим гишүүдийн хүссэн шийдвэрийг Их хурлаар гаргуулах, намын шинэчлэлийн суурийг тавих тодорхой зорилгогүй гэдэг нь харагдсан. Одоо бид 3000 төлөөлөгч оролцох долоодугаар Их хурлаа хуралдуулахдаа ийм эрсдэлд намаа оруулж болохгүй.

Энэ талаар аймаг, дүүргийн намын үүрүүдэд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Бидний зохион байгуулсан хэлэлцүүлэгт гишүүд маш идэвхтэй оролцож байна. Одоогоор 9000 гаруй гишүүн хэлэлцүүлэгт оролцсон гэх мэдээлэл байгаа. Зарчмын олон зуун үнэ цэнэтэй санал гарсан. Тун удахгүй хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг нэгтгэж үүн дээр дахин хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Эндээс гарсан саналуудыг намын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэгт өгнө. Товчхондоо нийт намын гишүүдийн санал бодол туссан зөв зүйтэй дүрэм гараасай гэдэгт анхаарч ажиллаж байна. Цаашид намын шинэчлэл шинэ дүрэмд тулгуурлаад бүх шатандаа зохион байгуулалттай, үндсэн том зарчмуудаа хэрэгжүүлэх замаар явах ёстой.

-Таны бодлоор намын шинэчлэлт гэж яг юуг хэлэх вэ?

Манай нам бол Ардчилсан нам. Илэрхийлэл нь нэрнээсээ тов тодорхой. Гэтэл ганц манай нам гэлтгүй бусад намын өнөөгийн байдлыг харахад оноож өгсөн нэрнээсээ эсрэгээр харагдаж байна. Ардын нам гэхэд хөрөнгөтнүүдийн нам болчихсон. Ард нь байдаггүй. Бүгд найрамдах нам гэхэд найрамдаад байгаа юм байхгүй. Ард түмнээ хайрлая гээд улстөрийн нам байгуулагдсан.

Харин яаж хайрлав. Үнэхээр ард түмнээ хайрласан бол ард түмэн нь хариу хайрлах л байсан байх. Энэ мэт. Гэтэл өнөөдөр АН- ыг ардчилалгүй болчихлоо гээд байгаа шүү дээ. Энэ л бидний том эмгэнэл болчихоод  байна. Тэгэхээр энэ үнэт зүйлийг намдаа буцааж авчрах явдал. Намын шинэчлэлийн гол цөм нь энэ. Таны асуултад ингэж хариулмаар байна.

-Шинэчлэлийн цөм нь АН үнэт зүйл үзэл баримтлал болсон ардчиллаа эргүүлэн авчрах явдал гэж ойлголоо. АН шинэчлэгдэх явц хэр төвөгтэй байх бол...?

Амар хялбар юм гэж үгүй. Тэр дундаа улстөрд. Ард түмэн АН-ыг улс төрийн намын шинэчлэлийг эхлүүлж хэрэгжүүлж чадах хүчин гэж харж хүлээж байна. Бид иргэдийн энэ итгэл, хүлээлтийг талаар нэг тараахгүй. Өнөөдөр дэлхий дахинд үзэл санааны үнэт зүйлсийн төлөөх том хувьсгал явагдаж байна. Их Британи Европын холбооноос гарахаар болчихлоо. Энэ үнэхээр цочир хөдөлсөн улс төрийн үйл явдал байлаа.

Яагаад ийм байдалд хүрэв. Европын холбооны хүрээнд үнэт зүйлсээ алдаж гээсний хариу нь ирж байгаа хэлбэр. АНУ-д намын гэхээс илүүтэй ард түмэн, иргэдийн төлөөлөл болсон Ерөнхийлөгч Трамп тангарагаа өргөж ажилдаа орлоо. Бас л шударга ёс, үнэт зүйлийн төлөөх том хувьсгалын илэрхийлэл юм.

Монголд ч ялгаагүй ийм давалгаа үргэлжлээд явж байна. Ерөөсөө хүн төрөлхтний сүүлийн 50-60 жилийн түүхийг харахад гурван том хувьсгалын давалгаа явагдсан. Жараад жилийн өмнө тусгаар тогтнолын хувьсгал ид эрчимтэй өрнөж байв. Энэ үед дэлхийн 100 гаруй улс тусгаар тогтнолоо олж авсан бол Монгол Улс ч ялгаагүй тусгаар улс гэдгээ бататгаж НҮБ-д гишүүнээр элсч байв.

Харин 30-аад жилийн өмнө энэ тусгаар орнууд өөрийнхөө хөгжлийн зүй ёсны жамаар яалт ч үгүй ардчиллын тогтолцоо руу шилжих ардчилсан хувьсгалын давалгаа өрнөсөн. Энэ давалгааны үр дүнд 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялж, 1992 оны Үндсэн хуулиар баталгаажсан. Тэгэхээр энэ бүх үйл явц Монголыг ч бас шууд хамаарчээ гэж харахаар байгаа биз.

Харин энэ явц давалгаа 2020 он гэхэд шударга ёсны хувьсгал, үнэт зүйлсийн хувьсгал болж дээд цэгтээ хүрнэ. Дэлхийн дахиныг хамарсан шударга ёсны энэ давалгаанд Монголын улс төр, манай нийгэм манлайлагч байх үүргээ хангахын тулд шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой. Энэ үүргийг АН хийж чадна гэдэгт хэн ч эргэлзэхгүи. Үүнийг бид хийж чадвал энэ нь өөрөө АН-ын шинэчлэлт юм.

-Та намын даргын сунгаанд оролцоно гэж байснаа яагаад гэнэт татгалзчихав?

Намын Их хурал дээр ойлгомжгүй сунгаа зарлаад зохион байгуулах бүх ажлыг будлиантуулаад орхичихсон юм. Ингэснээр бидний өөрчлөх гээд байгаа өмнөх тогтолцоо хэвээр үлдчихсэн. Хэрвээ үндсэн үүрүүд, орон нутгийн намын байгууллагууд нэр дэвшигчээ гаргаад тэдгээрээс нь ҮЗХ дээр ч юм уу тодорхой гурван нэр дэвшигч тодруулаад сунгаа хийсэн бол оролцох байсан. Бидний оролцох нөхцөл ийм байсан.

Гэтэл яасан бэ гэхээр дахиад таван фракцитай, энэ фракциуд нь нэг, нэг хүнийг дэвшүүлсэн. Дээр нь мөнгөний босго тавьчихсан. Энэ бол маш буруу жишиг. Ингэхээр ямар ч шинэчлэл байхгүй  болчихож байгаа юм. Үүнд л харамсаад байгаа юм. Тэгэхээр үүний дотор нь орж, дайрин дээр нь давс гэгчээр дахиад бас нэг фракци уралдуулж, фракцийн  зодоон өрсөлдөөн  болгоод яахав гэж бодсон.

Тэгээд ч хэн нэгнийг дарга болго гэж дээрээс гишүүдэд өгч буй тулгалт шүү дээ, энэ чинь. Зүй нь доороос дэвшиж гарч ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Доороос үнэхээр хэн нэр дэвшив, ямар шалгуур тавиад яаж дэмжигдэж гарч ирэв гэж харах юмгүй болохоор чинь мөнөөх бидний хүсээд байгаа тэр ардчилсан   тогтолцоо  чинь орж ирээгүй байгаа биз. Гэхдээ яахав, өнөөдөр АН-ын сунгаа, дарга гээд шинэчлэлийн том процесс ид дундаа явж байна.

-Тийм байна, цаашид ингэж дээрээс бодлогын хүн сунгаанд өрсөлддөг жишиг тогтчихгүй байгаа...?

Ингэж болгоомжлох хэрэггүй. Угаасаа энэ асуудал шинэ дүрмээр зохицуулагдаад орж ирнэ. Яалт ч үгүй тэнд хэрэгжинэ. Тэгэхээр энэ чинь өөрөө Монголын нутагт амьдрах АН-ын шинэчлэлийн үйл явц болж байгаа юм. Үүнээс цааш бид бүх шатанд нь оролцоод явах бололцоотой.

Өнөөдөр дарга гэсэн албан тушаалын төлөө зодолдохоос илүү намын том шинэчлэл, суурийг өөрчлөх  энэ бодлогыг л эн тэргүүнд тавьж байгаа. Үүний дагуу үнэхээр гишүүдийн дэмжлэгтэй, нэр хүндтэй, энэ улс оронд хэрэгтэй удирдлагын тогтолцоо бүрдээд явах юм бол энэ нь намын шинэчлэлийн амин судас нь байх болно.

-Тэгэхээр АН-ын шинэчлэлд итгэл төгс байж болно гэсэн үг үү?

Өөр сонголт бидэнд үгүй. Үзэл санаа, шударга ёсны үнэт зүйлийнхээ энэ хөгжлийг хангаад цааш нь тогтвортой авч явахгүй бол мөхөл рүүгээ орно. Өөрөөр хэлбэл, энэ нь эргээд тухайн улс орны оршин тогтнох эсэхтэй очиж холбогдоно. Яагаад гэвэл ард түмэн нь улс орноо дэмжихгүй, бодлогын гадна үлдэж байгаа нөхцөлд энэ чинь өөрөө мухардал руу орчихож байгаа юм. Бид 1990 оны хувьсгалыг хийсэн АН энэ бүхнээ төгс төгөлдөржүүлээд цааш авч явах, үлгэрлэхээс өөр зам байхгүй.

Бусад улс төрийн намын хувьд зарим нь шинэ тутам дэндүү жижигхэн, эсвэл хуучин тогтолцоондоо хэтэрхий идэгдчихсэн байна. Ийм нөхцөлд итгэл найдвар АН-д л хаяглагдаж буй. Тиймээс шинэ үеийн Монголын шинэчлэлийн хувьсгалыг АН манлайлахаас өөр арга байхгүй. Үүнийг амжилттай болгохын төлөө эцсээ хүртэл явна аа гэж хэлмээр байна.

-АН-ын хувьд олон нийтэд нээлттэй нам болох гэж байгаа юм байна, тийм үү?

Тийм, ер нь ч манай нам харьцангуй нээлттэй шүү дээ.

-Тэгвэл намын гадна дотно гэсэн зааг ялгаа арилах юм байна гэж ойлгож болох уу. Тухайлбал, дэмжигчид нь намын бодлогод гаднаас оролцоод явдаг байх, эсвэл хатуу гишүүнчлэлгүй байх гэхчлэн?

Шинэчлэл бол нэгэнт манай намын улс төрийн соёлд багтаж байгаа зүйл, түүний нэг элемент юм. Үүнийг бид энэ хорин хэдэн жил аваад тээгээд өдийг хүргэсэн. Гэтэл одоо хар л даа, АН-ыг сонгуульд ялагдуулаад, ажлаас нь халж, үнэхээр буланд шахаж байгаа энэ нөхцөлд манай намын гишүүд буцаж ирээд гишүүнчлэлээ сэргээж байгаа биз. Эргэн нэгдэж эхэлж байна. Энэ бол намын 20 жилиин түүхэн дэх том ололт. Үнэхээр улс төрийн хатуу валют гэдэг л энэ байхгүй юу.

-Нам эргэн нэгдэж, эв эеэ зангидаж байна гэж ойлгож болох нь ээ?

Тийм. Нам үнэхээр хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны төлөө биш эд мөнгөний төлөө бус, харин үнэт зүйл үзэл баримтлалынхаа төлөө нэгдэж нягтрах ард түмний манлайлагч хэсэг бүлэг мөн байна гэдгийн тод томруун илрэл юм. Энэ үгийг би гишүүд дэмжигчиддээ хаяглаж хэлж байгаа юм шүү. АН эргэн нягтарч байгаа нь зарим нэгэнд таалагдахгүй байх шиг байна.

Энэ нэгдэл нягтралыг тараах гэсэн хаанахын хэнийх нь захиалга болох нь тодорхойгүй бодлого явж байна. Энэ бол маш буруу, дэндүү харалган хандлага. Аль нэг нам, тэр дундаа Монголын улс төрийн ноён нурууг түшиж, түшилцэж явдаг АН-ын шинэчлэл нь улс орны хувь заяаны асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-АН-ын VI Их хурлын төлөөлөгчөөс Та их хурлаасаа юу хүсч байна гэж асуухад намын нэгдэл, эе эвийг л хүлээж байна гэж хариулсан. Фракцийнхаа зодооныг зогсоож чадахгүй гэж харах хүн цөөн биш байх шиг... ?

Нам өнөөдөр албан тушаал, аль эсвэл төсөв хөрөнгө хуваарилдаг ийм байгууллага болчихсон. Албан тушаалын төлөөх фракцийн зодоон намын эв нэгдлийг хамгийн их сульдуулж байгаа хүчин зүйл мөн. Намыг завааруулж байгаа энэ мэт юмыг байхгүй болгох хэрэгтэй. Ингэж чадах л юм бол цаашдаа намын эв нэгдэл аяндаа хангагдаад явах боломжтой. Ер нь төрийн албаны томилгоог нам хийдэг байж таарахгүй, энэ бол тусдаа төрийн өөрийнх нь асуудал. Аливаад заагялгаа, хил хязгаар гэж бий.

Ер нь нам, намын гишүүнчлэл тийм нэг мафижсан шинжтэй болчихоод байна. Нэг хүний, нэг компанийн нам байгуулдаг болсон. Тэгээд тэндээ гэр бүл төрөл садан аль эсвэл албан байгууллагынхныгаа элсүүлдэг. Тэрчлэн нэг суман дээр гэхэд нэг хэсэг хүний нам болчихоод байна шүү дээ, том намууд нь хүртэл. Харин АН-ын хувьд хэн нэг хүнийг гуйж ордог биш бүх шатанд нь тухайн намд элсэх эрхийг нь иргэдэд нээгээд өгчихөж байгаа юм. Энэ чинь өөрөө намыг маш том шинэчлэл рүү хөтлөх үндэс суурь болно гэдгийг хэлмээр байна.

-Та 1990 оноос л АН-тай хувь заяагаа холбосон. Энэ хугацаанд ялж ялагдаж, туг ч барьж тугал ч хариулж явсан байх. Таны ажиглалтаар чухам ямар үед АН ялж, хэдийд нь ялагдаж байв. Нэг ерөнхий дүр төрх харагддаг байх л даа?

Ерөнхийдөө бараг тодорхой доо. Ард түмэн үнэхээр айхтар ажигч гярхай, улс төрийн намуудад ямар дүн тавихаа хэнээр ч хэлүүлтгүй мэдэрч, мэддэг болсон. АН хэдийд нь ялагдаж байсан бэ гээд харахаар хэд хэдэн хүчин зүйл анзаарагддаг. Тухайлбал, нам ард түмнээсээ тасраад гишүүд дэмжигчдээсээ холдоод, фракцийн болон хувийн сонирхолд автаж, шунал хүмүүсийг захираад ирэхээр үнэхээр “үсгүй” ялагдал хүлээдэг.

Ийм юмыг ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ингэх нь ч зөв. Энэ бол үнэхээр улс төрийн намыг эрүүлжүүлэх, зөв замд нь эрүүлэн оруулах хамгийн чухал шалгуур юм. Хуваагдчихсан, бие биеийнхээ мууг үзсэн, үнэт зүйлээ огоорсон, юуны төлөө байгаа вэ гэсэн үндсэн зорилгоосоо хөндийрчихсөн тэр үед л ард түмэн “үгүй” гэсэн хариултыг өгч байгаа шүү дээ.

-Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Та болон таны багийнхан Хан-Уул дүүрэгт ялалт байгуул- сан. Сонгогч иргэдтэйгээ эргээд уулзах улаан нүүртэй байна гэдэг улстөрч хүний том капитал юм байна гэж анзаарч байлаа?

Би тойрог сольж гүйдэггүй. Хан-Уулаас хэдэнтээ сонгогдоод байна. Нийт намын хэмжээнд ийм массаараа ялагдал хүлээж байгаа нөхцөлд тойрогтоо ялах магадлал бүрхэг, хэцүү л дээ. Гол зүйл юу байдаг вэ гэхээр сонгогчдтойгоо эргээд уулзах нүүртэй, хэлэх үгтэй хийсэн ажилтай байх явдал.

Хэлсэн ярьсандаа байж, сонгогдохын төлөө гэхээс илүүтэй тойргийнхоо энэ асуудлыг нь ингээд шийдчих юм сан, тийм юмыг нь тэгээд өөрчилчихсөн гэж хийж хэрэгжүүлэхийн тулд сонгогддог байх зарчмаар асуудалд хандахыг чухалчилдаг. Улстөрийн салхи цаана нь яаж шуурч байсан ч ард түмэн өөрийнхөө итгэсэн хүндээ тууштай шударга байж чаддаг юм билээ.

-АН-д залуучуудын дуу хоолой хэр тод сонсогдож байна вэ?

Залуучуудын дуу хоолой бүдгэрсэн нь нам гишүүд дэмжигчид, ард түмнээсээ хөндийрөх нэг шалтгаан болсон гэж боддог. Шинэчлэлийг тэргүүлэх шаардлагуудын нэг нь залуучуудын дуу хоолойг эргүүлэн авчрах явдал. Залуучууд тодорхой фракци бүлэглэлд үйлчилдэг, тэднийг дагадаг хэсэг болчихоод байна. Уг нь залуучууд өөрсдөө манлайлагчид, намын шинчлэлийн том зүтгүүр хүч байх ёстой шүү дээ. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Ийм чадвараа алдчихаад байгаа нь манай намын гол зовлон болсон.

-Чадвараа алдсанд байна уу, аль эсвэл залуучуудынхаа өмнө босго зааг тогтоочихоод байна уу?

Асуудал аль аль талдаа байгаа байх. Монголын улс төрд тэс хөндлөн гэмээр нэг буруу жишиг бий болчих гээд байна. Тэр нь юу вэ гэхээр залуучууд хэн нэг том даргын нөмөр нөөлөг дор явж улстөрд орон зай эзэлдэг явдал. Даргын цүнх баригч гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэд хүнийхээ хувьд залуу боловч сэтгэлгээний хувьд хөгшин нөхдүүд давхиад байгаа байхгүй юу. Ямар ч амбиц байхгүй.

-Бие даасан байдал байхгүй...?

Тийм. Нийгмийн захиалга, нийт залуу үеийнхний захиалга гэж бий шүү дээ. Ийм захиалгын илэрхийлэл төлөөлөл болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, үеийнхнээсээ тодорч гарч ирэх хэрэгтэй. Гэтэл үгүй, зүгээр л аль нэг бүлэг, фракцийн дарга, хамаатан садан, танил талын захиалгаар дээрээс доошоо томилогдоод байна. Дахин хэлэхэд зүй нь доороос шигшигдэн гарч ирж хэн болохоо харуулах нь тэдний шалгуур болно.

-АН-ын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигчийн хэнийг нь дэмжиж байна вэ. Нууц биш бол...?

Улс орон даяар намаа дэмжсэн, шинэчилье гэсэн хөдөлгөөн өрнөж байна. Даргын сунгаанд өрсөлдөгчдийн дотор миний дэмжих хүн байгаа гэхээс илүү өнөөдөр намд хэн нь илүү хэрэгтэй байна, яриад байгаа үнэт зүйлийн шалгуурт хэн нь илүү нийцэж байна вэ гэдэг нь чухал. Энэ талаар өнөөдөр тодорхой дүгнэж цэгнэж ярьж хэлэлцэж байна. Санал асуулга явуулж дүн мэдээгээ нэгтгэж байна. Миний хувьд хамт олноос гарсан шийдвэрийг дэмжиж ажиллах болно.

-АН энэ парламентад хэт цөөнх болчихлоо. Үнэмлэхүй олонхийн дунд цөөнх байна гэдэг мэдээж хэцүү байх. Та нөхдийн дуу хоолой хэр хүрч байна вэ?

Хэт цөөнх байна гэдэг хэцүү л дээ. Ирцэд нөлөөлөхгүй. Бидний чадаж байгаа юм гэвэл тодорхой асуудал дээр байр сууриа илэрхийлээд болбол завсарлага авдаг. Гадна талдаа улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Цөөнхийн ар талд ард түмний 50 шахам хувийн санал байгаа. Тэгэхээр тэдгээр иргэдийнхээ дуу хоолой болж чадахуйц байх учиртай. Тиймээс том шинэчлэл хэрэгтэй байгаа юм. Миний хувьд энэ талаар бодож төлөвлөж, санал болгохоор бэлдэж байгаа асуудал байгаа.