Шинэ сайдууд танхимаасаа анхны үнэлгээгээ авлаа
Ерөнхий сайд С.Батболд олон жил яригдсан ч биеллээ олоогүй орон сууцны зээлийн хүүг бууруулах асуудлыг цагаан сарын өмнө шийдсэн нь иргэдийн талархлыг тун ихээр хүлээлээ. Тэрээр жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон.
Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газар баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасан байна. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа нар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулалт сайтай, идэвхитэй ажиллаж байгааг 2012 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд үнэллээ. МАН Засгийн газрыг дангаараа бүрдүүлсний дараа төрийн ажил унана гэж зарим улс төрийн хүчин тайлбарлаж байсан. Гэвч бодит байдал харин ч эсрэгээрээ эргэж, улс орны төлөөх хөгжлийн томоохон ажлууд даацтай шийдэгдэж эхэлсэн нь сайшаалтай.