НИТХ-д “Зөвлөх зөвлөл”-ийг Ц.Баасанжав удирдана
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл”-ийн гишүүдтэй
2017.01.31

НИТХ-д “Зөвлөх зөвлөл”-ийг Ц.Баасанжав удирдана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл”-ийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.

Уг зөвлөлд 1992 оноос хойш НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлага багтжээ. Өнөөдрийн уулзалтаараа зөвлөлийн даргыг сонгосон бөгөөд 1996-2000 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав даргалахаар болов.

“Зөвлөх зөвлөл”-ийн дарга Ц.Баасанжав “Миний хувьд Улаанбаатар хотын түүхийн 1960 оноос хойших үйл явдлыг  мэднэ. Нийслэлийн эрхзүйн байдлын шинэчлэлээс эхлээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудал цөөнгүй байна. Бид энэ бүгдэд дуу хоолой, мэдлэг оюунаа зориулах болно” гэлээ.

НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл” өнөөдрийн хурлаараа энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Тэд энэ онд НИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзаж сургалт зохион байгуулах, тулгамдсан асуудлаар зөвлөмж өгөх, гаргасан шийдвэрийг сурталчлах, биелэлтэд хяналт шинжилгээ хийх аж.

Мөн “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг ажил хэрэг болгоход ИТХ, түүний Тэргүүлэгчид, хороод, ажлын албаны хүмүүст зөвлөгөө өгөх, зарим ажлыг санаачлан зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц хайхад дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.