УИХ-ын гишүүн Л.Болдын АН-ын дүрмийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Та бидний нүдэн дээр Монголын сүүлийн хагас зуун жилийн амьдрал өрнөсөн. Сүүлийн 100 гаруй жил Монголын эх орончид улс гүрнийхээ тусгаар тогтнол, ирээдүйн төлөө амь насаа золиослон дэнчин тавьж, халуун цусаараа энэ улсыг бүрэлдүүлэн бий болгосон.

Бид өөрсдийнхөө төр засгийг сонгож монгол хүн монголчуудаа сонсож, сонгож байна. Бээжингээс, Москвагаас чиглэл өгдөг асуудал байхгүй. Ийм л том шинэчлэлийг бид хийж чадсан.

АНУ-д Клинтон найман жил Ерөнхийлөгч хийсэн. Дараа нь дахиж дэвшиж болохгүй болохоор эхнэрээ сенатор, сайд болгоод, залгуулаад Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Энэ үнэт зүйл мөн үү. Дэлхийн ардчиллын үлгэр жишээ болсон Америкийн ард түмэн хариуг нь шууд өглөө.

Өнгөрсөн 7 хоногт би Давост олон хэлэлцүүлэгт орлоо. Брекситийн асуудлаар Их Британийн Ерөнхий сайд асан, консерватив намын том зүтгэлтэн Дэвид Камеронтой ярилцлаа. Монголынхоо ардчиллын хувь заяаны асуудлаар ч гэсэн.

Дэлхийн ардчилсан хамтын нийгэмлэг өнөөдөр Монголын ардчиллыг хэрхэн харж байгаа болон сонгуулийн үр дүнгийн талаар ярилаа. Гурван асуудал л ярьж байгаа юм. Өнөөдөр хүн болгон Камероныг буруутгаж байна. Яагаад та тийм асуулга явуулсан юм бэ гэж. Санал асуулга явахаар ард түмэн мэдээж нөгөө талд өгнө, ингээд тэр нам ялагдаж байгаа юм.

Ард түмэн хүсч байхад би албан тушаалдаа үлдэхийн тулд  тэр санал асуулгыг нь явуулахгүй гэвэл яаж би ардчилсан үзэлтэй хүн байх юм бэ. Ямар үнэт зүйлтэй явах юм бэ гэж ярьж байсан. За ард түмэн эсрэг санал өгчихлөө. Огцорч улсаа тогтворгүй байдалд оруулах нь хэр зөв шийдэл байсан бэ гэхэд ард түмэн намайг дэмжихгүй бол огцорно гээд хэлчихсэн юм чинь албан тушаалдаа үлдэнэ гэж болохгүй гэж хариулж байсан.

Энэ бол үнэт зүйлийн асуудал. Чухамдаа үнэт зүйлээ л бид цааш нь авч явах ёстой. Дэлхий нийт үнэт зүйлийн сорилтын өмнө ирээд байна.  Энэ сорилт Монгол Улсын өмнө ч ирсэн.


Өнөөдөр МАН 65 суудалтайдаа дулдуйдан юу хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Биднийг будилж, сонгуульдаж байх хооронд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх гэж оролдлоо. Үндсэн хуулиа өөрчлөх гэж оролдож байна. Эрхзүйн бүх хуулиудыг хүчингүй болгоод буцаачихлаа. Дээрээс нь хуулийн тухай хуулийг өөрчлөх гэж оролдлоо. Олон улсын гэрээний тухай хуулийг өөрчлөх гэж оролдлоо. Тавантолгойн гэрээг өөрсдийнхөө хүссэнээр байгуулах гэж оролдлоо.


Та нар “Цагийн хүрд” үз. Генералууд, янз бүрийн хувцастай хүмүүс л ярьдаг боллоо. Өнөөдөр Монголын сайд бүхэн шахам цэрэгтэй болчихлоо. Цэрэг гэдэг чинь олон улсын онолд гадагшаагаа байлдах зарчимтай. Гэтэл Монгол улс дахиад дотоодын цэрэгтэй болж байна. Дотогшоогоо байлдах гэж байгаа юм уу? Автомат агссан цэрэгтэй болох шийдвэр эрх баригчид гаргачихлаа. Биднийг зүгээр сууж байтал…

Ерөнхийлөгчийн дор зэвсэгт хүчин байна. Энэ бол Үндсэн хуулинд байгаа, хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц зэвсэгт хүчин. Гэтэл Ерөнхий сайд, Хуульзүйн сайд цагдаа, дотоодын цэрэгтэй. Цагдаагийн дарга дөрвөн таван хошуутай мөрдэстэй болчихсон. Гэтэл Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга гурван таван хошуутай дэслэгч генерал байдаг юм. Социализмын үед ийм байсан, буцаад ийм болчихлоо.


Бид яах гэж хувьсгал хийсэн юм. Яах гэж 90 онд тэр олон хүний амь насаар дэнчин тавьж энэ Ардчиллыг авчирсан юм. Тэгвэл энэ бүхэн чинь ухралт боллоо.

Ардчилсан нам дуугүй байсан өдөр бүр Монгол Улс арван жилээр ухарч байна. Энэ бол та бидэнд байж болохгүй зүйл.

Үнэт зүйл, шударга ёсоо алдаж болохгүй гэсэн том сануулгыг өнгөрсөн сонгууль бидэнд өгсөн. Үнэт зүйл, шударга ёсны төлөө хувьсгал хий гэдэг сануулга.

Ямар азаар манай намд Үүрийн дарга нарын холбоо гэж байдаг юм. Энэ байгууллагын үйл ажиллагааг олон гишүүд сэтгэл зүрхээрээ дэмжиж өнөөдөр 9000 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцож, намынхаа дүрэмд өөрсдийн санал, бодлоо нэмэрлэлээ.