Ц.Нямбаяр: Онцгой байдлын алба одоог хүртэл нисдэг тэрэггүй
Гал усны гашуун зовлон, гал ус барьцгүй гэх мэт хэлц үг монголчуудын дунд түгээмэл бий. Чухам энэ л аюулыг сөрсөн гал сөнөөгч, аврагчдыг энх цагийн баатрууд хэмээн цоллодог билээ. Гамшиг, аюулын өмнөөс сөрөн зогсдог эгэл баатруудын ажлын онцлогийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах чиглэлийн ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэд хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа.
-Онцгой байдлын албаны гал унтраах техник хэрэгслийн хүрэлцээ хэр байна вэ. Хувь гал сөнөөгчийн хувьд өөрийгөө хамгаалах хэрэгслийг бүрэн өгч чадаж байгаа юу?
-Онцгой байдлын байгууллагын хувьд нийт бие бүрэлдэхүүний хувьд 55 хувийг стандартын дагуу техник хэрэгслээр хангасан байдаг. Сүүлийн үед орчин цагийн машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж байгаа. 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал унтраах зориулалтын 22 ширхэг автомашиныг БНСУ-аас худалдан авсан, Монгол Улсын Засгийн газар Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр шинэ гал унтраах тусгай зориулалтын 16 автомашин авсныг төв орон нутгийн онцгой байдлын газар хэлтэст тус тус хуваарилан олгосон. Өнгөрсөн оны АСЕМ-ийн үеэр өргөгч машинтай болсон. БНХАУ-ын Засгийн газраас нэг сая ам.долларын буцалтгүй тусламжаар ой хээрийн түймэр унтраах зориулалттай усны багтаамж сайтай зургаан автомашин, гал унтраах үлээгүүр, үүргэвчин шүршигч зэрэг багажаар хангасан гэхчилэн хангамж сайжирч л байна.
-Гал сөнөөгчид маань зөвхөн гал унтраахаас гадна усны осол, цас борооны үер, автын осол, уул уурхайн нуранги гэхчилэн бүхий л гамшиг ослын үед тусламж үзүүлдэг. Тэр бүхэнд мэргэшиж дадлагажих боломж нь хэр байна вэ. Эсвэл осол аваарын төрлөөр нь аврагч нараа тусад нь бэлтгэдэг үү?
-Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 14 гал унтраах ангиас гадна Нийслэлийн аврах анги гэж бий. Аврах ангийнхан гал түймрээс бусад дуудлагын дагуу ажилладаг. Өвлийн улиралд цасанд суусан, мөс цөмөрснөөс эхлээд өндөр барилгаас үсрэх гэж айлгах үед тог цахилгаанд цохиулсан, шавар усны дуудлага, хүн малын халдварт өвчний үед хүртэл ажилладаг цаг наргүй алба байдаг. Чиг үүргийн хувьд усчин аврагч, уул уурхайн аврагч гэхчилэн мэргэшдэг хэдий ч орон тооноосоо болоод нэг аврагч олон чадвар эзэмшихийг шаардаж байгаа. Ер нь манай онцгойгийн анги стандартын дагуу бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа нь цөөн. Голдуу л хүн хүч, нэгж техникийн хувьд цөөн бүрэлдэхүүнээр ихийг амжуулахын төлөө ажиллаж байгаа.
-Онцгой байдлын албаныхан зориулалтын техник хэрэгсэлгүйгээс гамшиг ослын үед хүчин мөхөстөх, хүмүүст тусалж чадахгүй хугацаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Ноднин л гэхэд Буйр нуурт дөрвөн хүн осолдох үед мөс зүсэгч завь байхгүйгээс амьд байсан хоёр хүнд тусалж чадаагүй, Сэлэнгэ мөрөнд урссан ээж хүү хоёрыг аварч амжаагүй гэхчилэн харамсалтай жишээ бий. Энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Чиг үүргийн хувьд би гал унтраах чиглэлээр ярилцах боломжтойг ойлгоорой.
-Зөв зөв. Гал унтраах техникийн хувьд мэргэжлийн байгууллага бэхжиж чадсан гэж та хэлсэн. Харин иргэдийн хувьд галын аюулаас сэргийлэх дадал заншилд хэр суралцсан байдаг вэ. Уржнангийн Түмэнцогтын түймэр их хэмжээний хохирол дагуулсан. Тэр үед хөдөөгий айл өрхүүдийг үлээгчтэй болгох тухай яригдаж байсан?
-2015 онд улсын хэмжээнд ой хээрийн түймэр олон гарсан. Нийтдээ 354 удаагийн түймэр гарч байсан юм. Анхны түймэр хоёрдугаар сард, бараг л цасан дээр ассан байдаг. Ой хээрийн болон объектийн түймрийн аль алиных нь хувьд шалтган нөхцөлийг тогтооход голчлон хүний санамсар болгоомжгүй үйлдлээс гарсан байдаг. Түмэнцогтын түймрийн үед би газар дээр нь очиж ажилласан. Сумын төв галын аюулд автах аюул бодитойгоор нүүрлэсэн байсан. Хэнтийгээс гарсан түймэр Хэрлэн голыг даваад Сүхбаатар аймгийн нутаг руу орсон гэхээр гал хичнээн аюултайг харж болно.
Зүүн бүсийн аймгууд түймрийн эрсдэлтэй нутагт тооцогддог. Тиймээс ч манай ОБЕГ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Хөвсгөл аймгийн Тариалан, Завхан аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдад гал унтраах, аврах анги байгуулсан. Өнгөрсөн оны сүүлчээр Өмнөговь аймгийн Ханбогд, Гурван тэс, Дорнод аймгийн Халх гол суманд гал унтаарх анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд эрэх хайх бүлэг байгуулах шийдвэр гараад байгаа. Энэ ондоо бэлтгэл ажлыг хангаад 2018 оноос байгуулахаар төлөвлөсөн. Дорнодын Халх голд түймэр гарлаа гэхэд Онцгойгийн алба хаагчид маань машинаар очиж тусалдаг. Хөвсгөлийн Цагаан-Үүрт уулын тагтанд гарсан түймрийг унтраахын тулд гал сөнөөгчид маань 72 цаг алхаж очиж байсан. Үүнээс болж их цаг алддаг. Онцгой нөхцөл байдлын үед Зэвсэгт хүчний нисдэг тэргийг авдаг.
-Онцгой байдлын алба нэг ч нисдэг тэрэггүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Ер нь онцгой байдлын байгууллагад нисэх төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг. Алсдаа улс орны эдийн засаг сэргээд ирэхээр нисдэг тэрэгтэй болох байх гэж итгэдэг.
-Онцгой байдлын алба шүхэрчинтэй юү?
-Байгаа. Усчин, химичин, шүхэрч аврагч нар бий.
Дорнодын Халх голд түймэр гарлаа гэхэд Онцгойгийн алба хаагчид маань машинаар очиж тусалдаг. Хөвсгөлийн Цагаан-Үүрт уулын тагтанд гарсан түймрийг унтраахын тулд гал сөнөөгчид маань 72 цаг алхаж очиж байсан. Үүнээс болж их цаг алддаг.
-Түймэр хүмүүсийн болгоомжгүйгээс гардаг гэлээ. Санамсар болгоомжгүйгээс түймэр алдсан хүмүүст ямар хариуцлага тооцдог вэ. Хохирлыг барагдуулдаг уу?
-Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхээс хамаардаг л даа. Санамсар болгоомжгүй гал тавьсан бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үздэг. Түүнчлэн түймрийн хохирол гэдэг харьцангуй ойлголт. Ил нүдэнд харагдаж байгаа бодит хохирлоос гадна ой хээрийн түймрээс болж биологийн зүй тогтол аладагдах, ургамал, амьтны аймгийн зүй тогтолд гарч буй хохирлыг тогтоох аргагүй юм.
2016 онд объектийн түймэр 18,9 хувиар, хохирол 25 хувиар буурсан байдаг. Өнгөрсөн онд 3710 удаагийн объектийн түймэр гарснаас 1534 нь ил задгай гал, асгасан үнс нурамнаас, 611 нь пийшин зуух, яндангийн цонолтоос, 473 нь цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашиглалтын буруугаас, 206 нь цахилгаан угсралтын буруугаас, 189 нь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, 112 нь лаа дэн, тамхи шүдэнзний галаас гарсан байдаг. Эдгээр түймрийн улмаас 56 хүн нас барж, 32 хүн түлэгдэж гэмтсэн. Тэгэхээр иргэд өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалах боломж нь өөрсдийнх нь гарт байна гэдгийг сануулъя.
-Иргэдийн хувьд түймэрт өртсөн хохирлоо хэрхэн барагдуулдаг вэ?
-Дэлхий нийтийн хэмжээнд түймрийн аюулын хохирлыг барагдуулах гарц гаргалгаа нь даатгалын систем байдаг. Тухайн хүн өмчөө хамгаалахын тулд даатгал хийлгэсэн байх ёстой. Малчдын хувьд банкнаас зээл авахын тулд л малаа даатгуулсан байдаг. Ингэж даатгуулсан хүмүүс л эрсдлийг харьцангуй хялбар туулдаг гэх үү дээ.
-Ингэхэд та гал сөнөөгч гэх содон мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Санаандгүй байдлаар сонгосон. 1997 онд дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн дээд сургуульд орохоор элсэлтийн шалгалтад орсон. Тухайн үед Улаанбаатар хотоос л гэхэд 600 гаруй хүүхэд шалгауулж эхний 30-ыг авч байсан юм. Би гэдэг хүн 43-т жагсч, сургуулийн босгоор орсонгүй. Тэгж байтал намар нь гал сөнөөгчийн курст суралцах боломж таарч, Төв гал команд буюу Гал унтраах 10 дугаар ангид орсон доо. Гал сөнөөгчийг жаргал зовлонг бусдын л адил туулж, 2002 онд бага дарга цолтой байхдаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх үүднээс Цагдаагийн академид элсэн, галын тэнхимд суралцсан. Суралцаж төгсөөд ажилдаа ороход Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллагыг нэгтгэн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан байсан. Тэр үеэс л гал түймэртэй тэмцэх албанд орж ажиллаж билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл гал түймэртэй тэмцэх чиг үүргээ гүйцэтгэсээр өнөөг хүртэл 20 дахь жилдээ ажиллаж байна.
-20 жилийн хугацаанд хэдэн удаа галын дуудлагаар ажилласан байдаг бол. Гал сөнөөгчөөр ажиллах явцад санаанаас гардаггүй галын дуудлага цөөнгүй байсан биз ээ. Хүмүүст сургамж болох үүднээс эргэн дурсвал…?
-Цагдаагийн академид элсэхээс өмнө гал сөнөөгч, ээлжийн бага даргаар ажиллах хугацаандаа нийтдээ 400 гаруй удаагийн дуудлагын дагуу ажиллаж байсан. Тухайн үед галын нөхцөл байдал хүнд, гал унтраах техник хэрэгсэл ч одоогийнх шиг боловсронгуй болоогүй амаргүй цаг үе л дээ. Хүмүүсийн амьжиргааны төвшин ч одоогийнхтой харьцуулшгүй. Шаардалага хангахгүй цахилгааны утас, пийшин зуух хэрэглэх нь түгээмэл байлаа. Санаанаас гардаггүй нэг тохиолдлыг сургамж болгон өгүүлье. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд хуучны БАМ-ын барилгад шөнийн цагаар гал гарч, нэг хоёрдугаар тасаг зэрэг гарсан юм. Дуудлагын дагуу газар дээр нь очиход гал асар их дэлгэрчихсэн байсан. Тэр галын улмаас найман хүн амь насаа алдсан байдаг. Гал анх гарч байхад 16-17 настай охин хүмүүсийг сэрээж, айлуудын хаалга тогшоод явж байгаад угаартаж өөд болсон байсан. Амиа золиослон байж бусдын амийг аварсан зоримог охины түүх мартагддаггүй юм.
-Мөр зэрэгцэн ажиллаж байсан гал сөнөөгчдөөс бэртэж, гэмтсэн, амиа алдсан тохиолдол байдаг уу?
-Гал сөнөөгчдийн дунд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртэх нь олонтаа тохиолддог. Гал унтрааж байх явцдаа цөмрөх, нурах, барилгын хийц бүтээцэд дарагдах тохиолдол гардаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд бэлтгэл сургуулилтыг сайн хийх хэрэгтэй байдаг. “Энхийн цагт хэдийчинээ хөлс асгарна, дайны талбарт цус бага гарна” гэдэг үг бий шүү дээ. Тиймээс биеэр гүйцэтгэх дадлага сургуулийг маш их хийлгэдэг байсан.
Бурхны авралаар надтай хамт ажиллагсад, нөхөд маань эрсдэж байсангүй. Бусдын төлөө сэтгэл гарган ажиллаж байгаад гал сөнөөгчид амиа алдсан, тэр дундаа олуулаа эрсэдсэн эмгэнэлт хэрэг үе үе гардаг. Сэлэнгэд гарсан түймрийг унтараах гэж явсан Ми-8 нисдэг тэрэгний осол, Дорнодын Баян-Уулд гарсан түймрийн үеэр нөхрөө авраад өөрөө өөд болсон Багабиш нарын гавьяа гээд тоочвол олон баатарлаг үйлийг нэрлэж болно.
ЯРИЛЦСАН Д.ЦЭЭПИЛ