2017.01.13

НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна.

Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авсан юм.

Энэ үеэр Онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг анхаарахгүй, орхих явдал гардаг. Айл өрхүүд амь зуулгаа алдаж, эдийн засгийн дарамтанд орж, орлогын эх үүсвэргүй, амьжиргаагаа залгуулах гэж зүтгэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг тэр бүр анхаардаггүй. Мөн цас их орсоны улмаас зам харгуй хаагдсанаар охид, эмэгтэйчүүд гадагш гарч, өдөр тутмынхаа хэрэгцээт барааг олж авч чаддаггүй болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод, НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийг Монголын нийгмийн гол түшиг тулгуур хэмээн үзэж, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах явдлыг эн тэргүүнд чухалчилж, байгалийн гамшгийг амжилттай даван туулж, өдөр тутмын амжиргаагаа хэвийн залгуулахад энэхүү ариун цэвэр эрүүл ахуйн багц нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.