Б.Дуламсүрэн: Мал бэлчээх боломжгүй болсон
Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүухийн тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах шуурхай ажлын хэсэг аймгуудад ажиллаж байна. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар шуурхай бүлгээс ямар мэдээлэл ирсэн бэ?
Зүүн болон говийн бүсийн найман аймагт Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлэг ажиллаж байна.
Өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдлыг хэлэлцүүлсэн.
Мөн аймгийн нөөцтэй танилцаж нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга нарт зөвлөмж өгч байна.
-Баруун аймгуудад өвөлжилт хэр байна вэ?
Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар ажиллаж байна. Тэд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нутгаар ажиллалаа.
Эдгээр сумдад энэ сарын 9-нөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болсон байна.
Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см байна гэсэн мэдээллийг шуурхай бүлэг өгсөн.
-Зам даваа хаагдсан асуудал хэр байгаа бол?
Цэцэг, Мөст сумын зааг Барлагийн даваа хаагдсаныг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хоёр өдөр ажиллаж байж нээсэн.