Б.Ууганбаяр: Нууранд осолдсон ачааны машин шатахуун тээвэрлээгүй
Хөвсгөл аймгийн Цэнгэл нуурын мөс өчигдөр цөмөрч ЗИЛ-130 машин осолджээ. Ослын талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б. Ууганбаяраас тодрууллаа.
-Мөс цөмөрч хүнд даацын машин осолдсон хэргийн талаар тодруулна уу?
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нууранд өчигдөр өглөө 09:00 цагийн үед ачааны ЗИЛ-130 машин осолдсон. Дуудлагын дагуу онцгой байдлын усчин аврагчид шуурхай ажиллаж байгаа. Жолооч нь өөрөө дуудлага өгсөн. Осолдсон машин эргээсээ 35 метрийн зайд байгаа юм.
-Хүний амь эрсэдсэн үү. Ямар ачаа тээвэрлэж явсан бол?
Цэнгэл нуур аймгаас 70 км-ийн зайд оршдог бөгөөд машин эргээс 7-8 метрийн зайтай осолдсон байна. Машин урьдчилсан байдлаар шатахуун ачиж яваагүй гэсэн мэдээлэл ирсэн. Автомашинд жолоочоос гадна хоёр иргэн явсан ба тэд өөрсдөө нуураас гарсан. Дуудлагын дагуу онцгой байдлын аврах албаныхан ослын газарт очиж хүнд даацын оврын машинаар татаж гаргах үүрэг чиглэлтэйгээр ажиллаж эхэлсэн.
-Цаг агаар хүйтэрч байгаа ч гол мөрөн гүйцэд хөлдөөгүй байгаа гэсэн үг үү?
Гол, нуур бүрэн хөлдөөгүй байгаа энэ үед жолооч нар болгоомжтой зорчих хэрэгтэй. Ойрын үед цаг агаар хүйтэрч байгаа ч томоохон гол, нуурууд бүрэн хөлдөж, мөсний давхарга бэхжээгүй байгаа тул мөсөн замын тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.