Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын Чуулган
2017.01.26

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа. Тус байнгын хорооны 2017 оны 02 тоот тогтоолоор дээрх шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар ажиллажээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хуралдаанаараа ажлын хэсгээс гаргасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашигладаг олон улсын нэр томьёог өөрийн орны онцлогт нийцүүлэх, нэр томьёо, чиг үүргийн давхцлыг арилгах, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, түүний эрх, үүргийг нарийвчлан тогтоох, сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд системтэйгээр зохион байгуулах, хэрэгжүүлэх зохицуулалтыг оновчтой болгох, гамшгийн өмнөх болон болж байх үе, түүний дараах үеийн үйл ажиллагааг дэс дараатай, шаталсан, ялгаатай байдлаар нарийвчлан тусгах, дотоодын болон гадаадын гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн талаарх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тусгах, “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиудын үзэл санаа, заалтуудтай нийцүүлэн онцгой байдлын байгууллагын тогтолцоо, чиг үүргийг шинээр тодорхойлох, төрийн цэргийн байгууллагын хувьд нэгдмэл байх зарчмын шаардлагыг хангах, бие даасан үйл ажиллагаа явуулах, алба хаагчдын эрх зүйн байдал, баталгааг төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын нэгэн адил болгох, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн бусад баталгааг эдлэх боломжтой болгох, мөн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэр томьёотой холбогдсон өөрчлөлтүүдийг тусгах талаарх саналуудыг хэлэлцэхэд гишүүдийн олонх дэмжсэн байна.
Тухайлбал, төсөлд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбогдсон хэсэг нэмэх, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байлгах, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд даргад цэргийн дээд цол олгож болох талаар заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж эдгээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрээр санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.