Н.Амарзаяа: Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтэд шаардагдах санхүүгийн асуудал маш чухал
2017 оны 1 сарын 6-ны үдээс хойшхи Улсын Их Хурлын Чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
Гамшгийн асуудалд хамаарах гэнэтийн аюулт үзэгдэл, осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирч байдаг учраас энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Захиалж ирдэггүй энэ аюулын цаана ард түмэн л хохирч үлддэг. Үүнтэй холбогдуулан Гамшгийн асуудалд зарцуулагдах төсөв мөнгө, санхүүжилтийг маш сайн хангаж өгөх нь чухал гэж үзэж байна.
2018 оноос улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж үзвэл Гамшгийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтэд түлхүү дэмжлэг үзүүлэх ёстой байх. Жишээ нь сум, багт онцгой байдлын албаны хүн байдаггүй. Нэг айлын гэр шатаж байлаа гэхэд гар нүцгэн иргэд харсаар байгаад өнгөрөөдөг аюул бий.
Бид гал түймрийг заавал гал командын том машинаар унтраана гэж сүрдэх хэрэггүй. Сум, багийн хэмжээнд гал түймрийн аюул, осол гарсан тохиолдолд түргэн шуурхай очиж усаар шүршээд ч юм уу ямар нэг байдлаар асуудлыг шийдвэрлэх бага оврын материаллаг бааз байхад л болно.
Тэгэхээр энэ хууль шинээр батлагдаад хэрэгжих явцад тухайн бүс нутгийн хэмжээнээс хамаарч тулгамдсан асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэх санхүүгийн асуудал нь чухал юм. Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлсүх Өмнө-Говь аймагт ажиллаж стратегийн ач холбогдол бүхий Хан-Богд, Гурван-Тэс суманд онцгой байдлын албыг байгуулах болсонд би нутгийн ард түмнийхээ өмнөөс талархал дэвшүүлмээр байна.