Д.Тэрбишдагва: Онцгой байдлын тухай хууль шиг л холилдсон хууль байна даа
Өнөөдрийн үдээс хойшхи Улсын Их Хурлын Чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Утга санааны хувьд холилдсон замбараагүй л хууль орж ирсэн байна. Ажлын хэсэг байгуулж давхардсан утга санаа, холилдсон ойлгомжгүй асуудлуудаа эргэж нэг хараад засаж сайжруулах хэрэгтэй юм байна. Гамшгаас хамгаалах хууль гэсэн нэртэй мөртлөө Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, Онцгой байдлын албаны даргын эрх, Онцгой байдлын албаны бүрэн эрх гээд Онцгой байдлын алба гэдэг тодотголыг түлхүү оруулчихсан байх юм.
Онцгой байдлын албаны чиг үүрэг, үйл ажиллагааны цар хүрээнд галын аюулгүй байдал, зуд зурханд дэмжлэг үзүүлэх улсын нөөцийн асуудал гээд өөр олон зүйл багтдаг гэдгийг энэ салбар хариуцаж ажиллаж байсан хүний хувьд мэдэх юм.
Энэ салбар чинь Монгол Улсын шадар сайдын харьяанд байдаг байтал Үндэсний зөвлөлийн толгойлогч Ерөнхий сайд байна гэсэн байна. Энэ мэтчилэн ойлгомжгүй учир дутагдалтай асуудлуудаа байнгын хорооныхон анхааралдаа авч ажлын хэсэг байгуулж цэгцлэх хэрэгтэй байх.
Онцгой байдлын албанд хамааралтай юм бол энэ байгууллагын эдлэх зарим эрх үүрэг нь ороогүй ч юм шиг зүйл ажиглагдаж байна. Онцгой байдлын асуудлын тухай бие даасан хууль гаргах шаардлагатай юм уу эсвэл?
Гамшгийн асуудлын хүрээнд газар хөдлөлтийн эрсдэл манай Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа том асуудал гэдгийг өмнө нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын албанаас газар хөдлөлтөд нэн түрүүн нурах аюул тулгараад байгаа барилга, байшинг засаж сайжруулах шаардлагатай гэж байсан. Энэ асуудалтай холбогдуулж хийж хэрэгжүүлсэн бодит алхамууд юу байна?
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Онцгой байдлын тухай бие даасан тусгай хууль байх шаардлагагүй
Энэ бол Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга юм. Онцгой байдлын албаны тухай бие даасан хууль байх шаардлагагүй гэж үзсэн. Засгийн газраас ч ийм санал өгсөн байгаа. Онцгой байдлын аюулгүй байдлын тухайд энэ хуулийн зарим нэг зүйл заалтаар тодорхой шингээж өгсөн.
Онцгой байдлын асуудал бүрийг зохицуулах заалт байх боломжгүй. Таны хэлээд байгаа галын аюулгүй байдал болон бусад асуудлуудыг холбогдох байгууллага, салбар бүр холбогдох хуулиудаараа зохицуулах боломжтой. Бусад хуулиудтай давхардсан зүйл их байсныг бид арилгах тал дээр анхаарч ажилласан байгаа.
Газар хөдлөлтийн эрсэдлээс хамгаалах чиглэлээр Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, холбогдох албадуудтай хамтран Хотын хэмжээнд байрлах барилга байшингуудыг хүчжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж ирсэн.
Нэн түрүүнд газар хөдлөлтийн эрсэдэлд өртөж болзошгүй гэж үзсэн сургууль, цэцэрлэгийн байр, байшингуудыг хүчжүүлэх асуудалд анхаарч ажилласан. Мөн шинээр баригдаж байгаа барилга байшингуудын стандартыг мөрдүүлэх тал дээр Онцгой байдлын албаныхан болон холбогдох газрууд нь анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлье.
Д.Тэрбишдагва: Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхижилт ямар байгаа вэ?
Улаанбаатар хот бол газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр том хоолойн дунд байрлаж байгаа. Газар хөдлөлт газар доогуур нүхжилт үүсгэх уул уурхайн үйл ажиллагаа идэвхижсэн энэ үед илүү нөлөөлдөг гэж байгаа. Сүүлийн үед Улаанбаатар хотын эргэн тойронд газар хөдлөлтийн идэвхижилт ямар хэмжээнд байгаа тухай тодорхой хариулт өгнө үү? Энэ чиглэлд ямар алхамууд хийгдэж байгаа вэ?
ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршиж байна
Улаанбаатар хот газар хөдөлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Ер нь газар хөдлөлтөд өртөх эрсдэл нэмэгдэж байна. Монгол Улсад тэр дундаа Улаанбаатар хотод тохиолдож болох хамгийн өндөр эрсдлийн нэгд газар хөдлөлт гэж хэлж болно.
Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яам, МХЕГ болон Шинжлэх ухааны академиудтай хамтран хэд хэдэн төсөл боловсруулж байна.