2018.05.07
Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 15 автомашин нийлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Төслийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 25 дугаар тогтоолоор “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Төслийг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас www.tender.gov.mn цахим хуудсанд 2018.04.04-05.04-ний өдрийг хүртэл хугацаанд тендерийн урилга, баримт бичгийг байршуулан зарлаж, тендерийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, тус газрын гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах нарын албаны хүмүүс оролцсон юм.
Энэ төслийн хүрээнд гурван сая еврогийн өртөг бүхий гал унтраах зориулалтын дунд оврын 13 автомашин, удирдлагын зориулалттай 1, шуурхай албаны 1 нийт 15 автомашиныг нийлүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.