Вьетнам Улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамтай хамтран ажиллана
2018.04.25

Вьетнам Улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамтай хамтран ажиллана

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан”-ы үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Вьетнам Улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Гамшгийн менежментийн газрын дэд дарга Үюен Труан Соныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнгөрсөн гуравдугаар сард Вьетнам Улсад зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Ази, Номхон далайн бүсийн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нь: Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт бүсийн бага хуралд оролцох үеэрээ Вьетнам Улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон гэдгээ онцолсон юм.

Уулзалтаар тус хамтран ажиллах санамж бичигт ирэх 7-р сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.