Ардчилсан намын шинэ дарга
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийг намынхны гишүүд, дэмжигчид даргаараа сонголоо.
Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр төгссөн С.Эрдэнэ Отгонтэнгэр их сургууль, Удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын доктор зэрэгтэй түүний ажлын гараа 1990 онд Багануурын районоос эхлэлтэй. Тус районы анхны Ардчилсан намын хорооны даргаар ажилласан тэрээр яг 27 жилийн дараа Ардчилсан намын даргаар сонгогдлоо.
Үндсэн мэргэжлээрээ ажлаагүй гэж хэлж болох С.Эрдэнэ ёстой л намаар дагнасан нэгэн. Түүний амьдрал Баянгол дүүрэгтэй 1995 оноос холбогджээ. 2000-2005 он хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын үндэсний Ардчилсан намын хорооны дарга, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалыг ээлж дараалан хашлаа.
2005 оноос түүний статус улам томорч, Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллах болов. 6 жил уг албыг хашихтай зэрэгцэн Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байв.
2008-2012 оны парламент бол түүний УИХ-ын гишүүн болсон анхны жилүүд юм. Ингэж 2008-2012, 2012-2016, 2016-2020 оны парламентуудад тасралтгүй гурван удаа сонгогдсон С.Эрдэнэ дунд нь Засгийн газрын гишүүнээр ч ажилласан.
Ингэж дундаа завсаргүй 27 жил намдаа үнэнч зүтгэсний эцэст С.Эрдэнэ өнөөдөр Ардчилсан намын дарга боллоо.