Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээж байна
Манай улсын Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 8 дугаар сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлж, улмаар 9 дүгээр сарын 1-нд уг хэлэлцээрийг баталсан юм.
Үйл явц цааш өрнөсөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан өндөр түвшний арга хэмжээнд оролцож байх үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс Парисын хэлэлцээрийн батламж жуух бичгийг гардан авлаа.
Одоогоор "Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах" үндэсний стратегийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам боловсруулж байна. Бусад улс орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгийг салбарын сайд Д.Оюунхорол онцоллоо.
Парисын хэлэлцээрт нэгдсэн орсноор Монгол Улс ямар үүрэг хүлээж байна вэ?
Манай улс дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 0,05 хувийг гаргадаг. Энэ нь жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулж байна гэсэн үг.
Парисын хэлэлцээрт нэгдсэнээр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээж байна.
Салбараар авч үзвэл, хүлэмжийн хий нь эрчим хүч, тээврийн салбараас 64 хувь, 29 хувь нь ХАА-аас, 6,2 хувь нь аж үйлдвэрээс, 0,7 хувь нь хог хаягдлаас ялгарч байгааг Монголын эрдэмтэд судлан тогтоожээ.
- Эрчим хүчний үр ашгийг 5,3 хувиар, цахилгаан дамжуулах, түгээх үеийн алдагдлыг 5,9 хувиар бууруулах
- Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нийт чадалд эзлэх хувийг 30 хувьд хүргэх
- Барилгын дулаан алдагдлыг 40 хувь бууруулан, шинээр баригдах дулааны цахилгаан станцуудад өндөр технологи ашиглах
- Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, замын түгжрэлийг 30-40 хувиар бууруулах, хуучин автомашины импортыг хязгаарлах, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэмжээг 13 хувьд хүргэх
- Цементийн үйлдвэрт дэвшилтэт хуурай технологи ашиглах
- Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих
- Хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх
- Ойжуулах, ойг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг 5 хувиар нэмэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гэсэн зорилтуудыг тавьсан байна.
Дэлхий нийт жил бүр 100 тэрбум ам.доллар зарцуулна
Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бид нийтээр сэтгэл зовних асуудал болоод байна.
Энэ асуудлаас үүдэлтэй учирч болзошгүй аюулын эсрэг шинжлэх ухааны хамгийн шилдэг ололтод суурилсан, үр дүнтэй, дэвшилтэт хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Үүний тод илрэл нь 1992 оны 5 дугаар сарын 9-нд Нью-Йорк хотноо баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц юм. Тэгвэл энэхүү суурь конвенцийн хэрэгжилтийг хангах зорилготой Парисын хэлэлцээрт улс орнууд нэгдсээр.
2015 оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн боловсруулж мөн оны 12 дугаар сарын 12-нд Парис хотноо эцэслэн үйлдсэн тус хэлэлцээрт одоогийн байдлаар дэлхийн 194 орон нэгдэж, 126 орон нь дотоодын парламентаараа соёрхон батлаад байна.
Хөгжингүй орнууд нь хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход нь туслах зорилгоор санхүүгийн эх үүсвэрээр хангана. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг санхүүжүүлэхдээ өмнөхөөсөө илүү хөрөнгө мөнгө гаргах ёстой гэж заажээ.
НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.доллар төвлөрүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Парисын хэлэлцээрт оролцогч талууд нь бага хуралтай байна. Энэ бага хурал 2023 онд дэлхийн нийтэд уур амьсгалын төлөв байдлыг танилцуулах үүрэг хүлээж байна. Бага хурал нь дэргэдээ хороотой байх бөгөөд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хөнгөвчлөх, дэмжих зорилготой. Ажлын явцаа жил тутамд Талуудын бага хуралд тайлагнах юм.
АНУ, Хятад зэрэг хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулж буй улс орнууд хариуцлагаа ухамсарлан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход зориулан санхүүжилт олгохоо илэрхийлсэн. Энэ нь манай улсад томоохон давуу тал болж байна.