2017.01.05

О.Баасанхүү: Сонгуулийн тухай хуульд нэг жилийн өмнөөс өөрчлөлт оруулахгүй гэсэн тодорхой заалт хэрэгтэй байна

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 55 саналаар санал хурааж эхэлсэн. Санал хурааж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсан нь үнэн. Гэхдээ энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүмүүс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай надад өмнө нь ярьж байсан. Гэтэл энэ заалтуудыг нэмэх биш бүр хасчихаар юу болох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм?  

УИХ-ын гишүүд хууль санаачилах эрхтэй гэдгээ манай гишүүд бүрэн ойлгомоор байна. Өмгөөллийн хуульд гэхэд нөхөрлөл байгуулж байж өмгөөлөл хий гэсэн байдаг. Ямар нэгэн байгууллагад хуулийн зөвлөгөө өгч байгаа хүн бол шүүхэд орж болохгүй гэсэн байгаа.

Ингэж ажил, хөдөлмөр эрхлэх байдлаар нь ялгаварлан гадуурхах хэрэг юу байна. Энэ зүйл, заалтуудад нэмэлт заалт оруулчих гэсэн. Гэтэл Эрх зүйн байдлын тухай хууль байгаа учраас өмгөөллийн хууль оруулахгүй гэдэг жижиг амбиц гаргаад байгаа нь сонин.

Гишүүдээс хүсэхэд гурав дахь хэлэлцүүлэгтээ оруулаад өгвөл сайн байна гэдгийг хэлмээр байна. Нэгэнт батлагдсан хуулийг дахиж хэлэлцэхгүй гэдэг ойлголт байхгүй. Батласан хууль нь бодит байдал дээр хэрэгжүүлэх гэтэл хоёр жилийн дараа болохгүй бол  яах вэ?  

Бид 2020 он хүртэлх хууль эрх зүйн төлөвлөгөө ярьж байна. Төрийн болон, албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулна гэсэн саналыг маань хууль дахин батлана гэсэн юм шиг буруу ойлголтоор хасчихгүй байхыг хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт оруулах саналд би байсан.

Гэхдээ 2017 онд хий гээд намайг шахаад байх юм. Би 2018 онд хиймээр байна. 2021 онд болох сонгууль учраас 2019 онд ч хийсэн болох юм. Жилийн өмнө байхад болоо шүү дээ. Та нар сонгууль болох гэж байхад 6 сарын өмнө  Сонгуулийн тухай хуульд гар хүрсэн хүмүүс.

Харин одоо Сонгуулийн тухай хуулийн тухайд нэг жилийн өмнөөс өөрчлөлт оруулахгүй байна гээд энэ төлөвлөгөөнийхөө тодорхой хэсэгт заагаад өгчихмөөр байна.