Олон улсын стандарт хариуцлагыг сайжруулдаг
“Траст трейд” компани өнгөрсөн жил “ISO-22000” стандартыг нэвтрүүлэхээр шаргуу ажиллаж байсан билээ. “Олон улсын стандартад нэгдсэнээр эрүүл ахуй, чанар, хүний нөөц зэрэг аж ахуйн нэгжид хамааралтай бүхий л асуудал цэгцэрч байна. Энэ стандартыг хэрэгжүүлж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд засч, сайжруулах зүйл байгаа эсэхийг нягталж байсан” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа хэлсэн юм.
БҮРТГЭЛЭЭР БАТАЛГААЖИХ ХАРИУЦЛАГА
“Траст Мийт” хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн түүхий эдийг хангахаас гадна хоногт 10 тонн мах шулж ангилан, савлаж харилцагч нарын хэрэгцээг хангах хүчин чадалтай.
Үйлдвэрийн гадна талбайгаас эхлэн бүсчилэн дотоод дүрэм журамтай байдаг аж. Тухайлбал, гаднах талбайг “D” бүх гэх бөгөөд хашааны хаалгаар дотогш нэвтрэн үйлдвэрийн байр луу орох хүртэл үргэлжилнэ. Үйлдвэрт орохоос өмнө “С” бүсээр дамжих учиртай. Ингээд гадуур өмсдөг гутлаа сольдог байна. Энэ бүхэн нь ISO 22000:2005 стандартыг мөрддөг аж ахуйн нэгжийн баримтлах энгийн зарчим. Сүүлийн үед эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийг эрхэмлэх болсон. Тиймээс дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг зорьж буйгаа хэлдэг. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд хувь хүн болон байгууллагын удирдлагууд нэг л дүрэм, журамд захирагдах учиртай ажээ. Тус компанийн хамт олон “ISO-22000” тогтолцоог нэвтрүүлэхийн тулд 60 гаруй заавар, 20 гаруй журам боловсруулан ажиллаж буйгаа хэлж байсан юм. Харин энэхүү стандартыг нэвтрүүлэн баталгаажуулснаас хойш 28 журам, 80 гаруй заавар, 40 гаруй бүртгэлийг хөтөлдөг болжээ. Ингэснээр ажиллагсдын хувийн хариуцлага, ажилдаа хандах хандлага ч эрс сайжирч байгааг “Траст трейд” компанийн хүний нөөцийн ажилтан С.Нарантуяа хэлсэн юм.
“Траст трейд” компани ХАБУ-ын тогтолцооны ISO 22000:2005 олон улсын стандартын баталгаажилт авсан бөгөөд Дотоод хяналтын лаборатори MNS ISO/IEC 17025 итгэмжлэгдсэн байна.
ХҮНИЙ НӨӨЦ БА ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН УЯЛДАА
Хүнсний үйлдвэрт нэвтрүүлэх олон улсын стандарт нь зөвхөн бүтээгдэхүүний эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянадаггүй. Тухайн байгууллагын хүний нөөцийн бодлогыг давхар анхаардаг юм. Тиймээс ажиллах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах, ажиллах нөхцлөөр нь хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг олон асуудлыг компанийн зүгээс шийдэхийг зорьж ажилладаг байна. Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ажиллах хүч чадварлаг байх учиртай. Тус компанийн хамт олон ажлын байрыг нэмэгдүүлсээр байгаа юм байна. Траст трейдээс гарсан ажилчид хаана ч гологдохгүй сайн боловсон хүчин байдаг гэдгээрээ тус компанийнхан бахархдаг ажээ. Хэдийгээр цаг хугацаа зарцуулан сургасан ажилтан нь ажлаас гарч байгаа нь харамсалтай ч хувь хүнийхээ хувьд өсч, дэвжиж байгаа нь тэднийг омогшуулдаг байна.
Биднийг “Траст трейд”-ийн үйлдвэртэй танилцах үеэр нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Т.Оюунчимэгээр ахлуулсан дүүргийн мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжийн төлөөлөл туршлага судлахаар ирсэн юм. “Траст трейд” компанийн хүний нөөцийн ажилтан С.Нарантуяа, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хууль эрх зүй, хөдөлмөр эрхлэлт болон эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Т.Оюунчимэг, “Дүрт баялаг” компанийн технологич Х.Мөнхтуул нарын байр суурийг сонирхлоо.
С.Нарантуяа: ДОТООД ЖУРМААРАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДДЭГ
-Компанийн ажилчдын нийгмийн асуудлыг дотоод журмын дагуу шийдвэрлэдэг. Тухайлбал, хурим найр, шагнал урамшуулал, өвчин зовлон гээд хүнд юу эс тохиолдох билээ. Тиймээс бүхий л цаг үед нь хамтдаа байхыг эрмэлздэг. Шинээр ажилтан авах үед байгууллага дээрээ сургалтад хамруулна. Энэ бүхнийг баталгаажуулахдаа тухайн хүний сургалтад суусан ирц болон шалгалт өгсөн байдлаас харж болно. Мэдээж сургалтын байгууллага биш учраас баримт бичгээр баталгаажуулдаггүй.
Т.Оюунчимэг: ТӨСӨӨЛЛӨӨС ОГТ ӨӨР ОРЧИН БАЙЛАА
-“Траст трейд” үйлдвэртэй танилцлаа. ISO 22000:2005 стандартыг хэрэгжүүлж байгаа нь маш сайн. Бусад ижил, төстэй үйлдвэрлэл эрхлэгчдээ манлайлагч гэдгээ үйл ажиллагаагаараа харуулж байна. Хэрэглэгчийн хувьд хиамыг тийм ч таатай орчинд хийдэггүй гэдэг ойлголттой байсан. Миний бодож байснаас огт өөр орчин угтсан, баяртай байна. Ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг бусад компаниуд ирж туршлага судлан олон улсын стандартыг нутагшуулаасай гэж хүсч байна.
Х.Мөнхтуул: ҮЙЛДВЭРТ НЭВТРҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА ОЛОН БАЙНА
-Манай компани ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг. “Траст трейд” компаниас туршлага судлахаар зорьж ирсэн. Мэдээж үйлдвэртээ нэвтрүүлэх сайн туршлага олон байна. Бас сурах зүйл ч их байна. Тухайлбал, мах хүлээж авах болон ангилал хийж байгааг нь үйлдвэртээ нэвтрүүлэх саналыг удирдлагууддаа хэлэх болно.