Л.Энх-Амгалан: Өнгөрсөн 8 жилд цаасан дээр 2000 км төмөр зам барьсан
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2016.11.16/ "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлын талаар салбарын дэд сайд мэдээлэл өгсөн юм.
Сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдаас дараах асуултуудыг асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
"Төмөр замын салбар бол сүүлийн 8 жил хэрүүлийн алим болсон. Монгол Улсын хөгжлийг урагшлуулах биш хойш татаж байна. Төмөр замд бодлогын алдаанууд явж ирсэн. Өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн хамгийн том шалтгааны нэг нь төмөр замын хэрүүл.
Өнгөрсөн 8 жилд цаасан дээр 2000 км төмөр зам барьсан. Бодитоор 100 м төмөр зам ч тавиагүй.
Төмөр зам тавиагүйгээс Монголын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар унасан. Мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүний хийсвэр төсөөлөл бүхий төмөр замын бодлого УИХ баталсан. Энэ төмөр замын бодлого бол хэзээ ч хэрэгжихгүй. Нэг хүний хоосон мөрөөдөл байсан.
Шинэ Засгийн газрын төмөр замын талаар баримтлах бодлого ямар байх вэ? Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй бодлогын баримт бичгийг шинэчлэх үү? Шинэчлэх бол хэзээ шинэчлэх вэ?
Төмөр замын бодлого нь эрдэс баялаг, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг салбарын бодлоготой уялдсан, эдийн засгийн үндэслэл, тооцоотой байх ёстой. Харамсалтай түүхүүд олон байна. 1000 км төмөр зам барина гэсэн мөртөө ТЭЗҮ-гүй эхэлж байсан. Хувийн компаниуд оруулснаас болж, сүүлдээ өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн.
Одоогийн байдлаар хэдэн чиглэлд, хэдэн км төмөр зам барих ТЭЗҮ хийгдсэн бэ? Цаашид төмөр замын санхүүжилтийн асуудалд ямар бодлого баримтлах вэ? Хэний мөнгөөр төмөр зам барих вэ?
Огт ачаагүй чиглэлд төмөр зам тавьж татвар төлөгчдийн мөнгийг үрж, цацаж болохгүй.
...Гашуунсухайтын 247 км төмөр зам байна. Цариг нь өргөн, нарийн байна гээд 8 жил хэрэлдлээ...
Автомашинаар нүүрс экспортолдог нэг ч улс байхгүй. Бидний энд хэрүүл хийж байхад БНХАУ-ын мөнгөөр Оросууд 4000 км төмөр зам тавьчихсан нүүрс экспортолж байна. Манай нүүрсний зах зээлийн хамгийн том өрсөлдөгч ОХУ болсон. Төмөр замын алдаатай бодлогын улмаас холбогдох бусад салбар уналтад орсон. Энэ бодлогын алдааг яаж засах вэ?
2015 онд Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг Засгийн газар хууль бусаар олгосон. Энэ алдаагаа яаж засч залруулах вэ?
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 35 мянган ам.доллараар худалдаж авсан одоо хүртэл ашиглагддаггүй, хөдөлдөггүй локомотивүүд байна. Үүнийг яаж хөдөлгөх вэ? Энэ локомотивүүдийг хэний ямар шийдвэрээр худалдаж авсан бэ? Яаж ашиглах вэ? Худалдаж авсан хүмүүст нь ямар хариуцлага тооцох вэ? Ер нь төмөр замын алдаатай бодлогод хэн хариуцлага хүлээх вэ?"