Төлөвлөсөн төмөр замууд гацаад байна
2016.04.11

Төлөвлөсөн төмөр замууд гацаад байна

Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр зам

2015 оны байдлаар Ухаа худаг–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 86.6 хувь, гүүрийн ажил 53.1 хувь, хоолойн ажил 52.7 хувьтай буюу 51.8 хувьтай байна. Дэд бүтэц, төмөр бетон дэрний үйлдвэрийн барилгын ажил 90 хувь, балластны үйлдвэрийн ажил 34 хувь, бэхэлгээ нийлүүлэлт 4 хувьтай байна. Хөрөнгө оруулалтаас шалтгаалж, ажил цааш үргэлжлээгүй байна.

Ухаа худаг-Сайншанд чиглэлийн 435 км төмөр зам

Ухаа худаг-Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийг 100 хувь хийж гүйцэтгэн, тендерийн бичиг баримтыг боловсруулах ажил 90 хувьтай байна. Барилгын ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн асуудлаас болж, тендерийн ажил зогсонги байдалд байна.

Санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр зам барих төсөлд Японы талын оролцоог хангах боломжийг тусгасан юм. Энэ дагуу Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулахаар болжээ. Зураг төсөл, тендерийн бичиг баримт бэлэн болсон тул хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд төслийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 км төмөр зам

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн удирдлагатай 2015 оны 10 дугаар сард уулзаж, Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан төмөр зам болон Монголын талын төмөр замын хилийн өртөөний барилгын ажлыг хамтад нь санхүүжүүлэн гүйцэтгэх боломжтойгоо илэрхийлсэн байна. Үүний хүрээнд төмөр замын зураг төслийг БНХАУ-ын 3 дугаар товчоогоор хийлгэж дууссан. Энэ оны 4 дүгээр сард барилгын ажил эхлэхээр байна.

Хөөт-Нөмрөг чиглэлийн 380 км төмөр зам

Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ, геологи, геодезийн ажлыг ӨМӨЗО-ны “Жилин муж”-аар хийлгэхээр 2015 оны 5 дугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК, “Жилин муж”-ын захиргаатай санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлуулаад байна.

Могойн гол-Эрдэнэт чиглэлийн 500 км төмөр зам

Засгийн газрын 2015 оны 327 дугаар тогтоолоор Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг “Нортерн рейлвейс” ХХК-тай байгуулах эрх олгосон.

Улмаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Нортерн рейлвейс” ХХК-тай Хөрөнгө оруулалтын газар концессын гэрээ байгуулж, Засгийн газрын 2015 оны 420 дугаар тогтоолоор Эрдэнэт хотоос Овоотын уурхай хүртэлх 599 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Нортерн рейлвейс ХХК-д олгосон.

Уг төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг Аспайр Майнинг компани боловсруулан Зам, тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дэмжсэн.

Концесс эзэмшигч "Нортерн рэйлвэйс" ХХК Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын чиг болон солбицлыг эцсийн байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Тус чиглэлийн төмөр зам Эрдэнэт-Эгийн гол чиглэлийн авто замын трасстай давхацсан газарт авто замын трассыг хөдөлгөхгүйгээр зургийн өөрчлөлт хийх боломжийг хайж ажилласны үр дүнд бүх цэгийн давхцлыг арилгаж чадсан.

Нарийвчилсан зураг төсөл дууссан, ажлын зургийг нь БНХАУ-ын төмөр замын 1 дүгээр товчоо боловсруулж байна. 2016 оны 5 дугаар сард багтаан барилгын ажлаа эхэлнэ гэж төлөвлөжээ.

Сайншанд-Замын-Үүд чигэлийн 235 км төмөр зам

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр замын асуудал нь УИХ-ын 2010 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” болон Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг  хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд тусгагдаагүй тул уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил хийгдээгүй байна.

Мандал-Зуунмод-Багахангай чиглэлд Улаанбаатар хотыг тойруулан төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажил

Мандал-Зуунмод-Багахангай чиглэлд баригдах төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техникийн туслалцааны 1.5 сая ам.доллараар Богдхан төмөр зам болон Улаанбаатар холимог тээврийн Логистик төвийн ТЭЗҮ, зураг төслийн ажлыг санхүүжүүлэхээр 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Сангийн яам, Азийн хөгжлийн банктай санамж бичигт гарын үсэг зурсан.

Азийн хөгжлийн банкаас Төслийн бэлтгэл техникийн туслалцаанд 1.5 сая ам.долларын санхүүжилтийг буцалтгүй тусламжаар олгох шийдвэрээ 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Энэ дагуу техникийн туслалцааны төслийг эхлүүлэхээр Азийн хөгжлийн банкаас ирүүлсэн төслийн төлөвлөлтийн баримт бичигт холбогдох санал зөвлөмжийг өгөхөөр ажиллаж байна. Богдхан төмөр зам болон “Хурдны АН-3” авто замын трассын дагуух газрыг нийтэд нь улсын тусгай хэрэгцээнд авах зорилгоор Засгийн газар Газрын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан.