Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын тогтолцоонд бодлогын өөрчлөлт хийхгүй бол улсын төсвөөс татаас аваад байж болохгүй
Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулсан.
Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна.
Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Өнгөрсөн УИХ-аар баталсан Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэнээр 592 мянган хүн тасарсан жил, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж тооцуулсан. Үүнээс уг хуульд 113 мянган малчид хамрагдсан байдаг.
Уг хуулийг хэрэгжүүлсэнээр нийгмийн даатгалын санд тодорхой орлого төвлөрсөн. Нөгөө талаасаа хуулийн хэрэгжилтийн дагуу жил бүр нийгмийн даатгалын санд 32 тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдсэн. Тиймээс нийгмийн даатгалын санг өөр өнцгөөс харахгүй бол хуримтлалтай байх ёстой сан байтал алдагдалтай ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хийсэн мэдээлэл дунд хэд хэдэн ноцтой тоо баримт дурдагдаж байсан. Нийгмийн даатгалын сангийн орлого нь 1,2 их наяд төгрөг байтал зарлага нь 1,3 их наяд төгрөгт хүрсэн. Сар бүр 372 мянган иргэний тэтгэвэр тавихад 113 тэрбум төгрөг зарцуулж байгаагаас 63 тэрбум төгрөг нь шимтгэлийн орлогоор, 53 тэрбум төгрөг нь улсын төсвийн санхүүжилтаар явж байна.
Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс татаас авч байгаа учраас бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлснээр уг санд ирээдүйд маш том ачаа ирнэ.