Ослоор 222 хүүхэд амиа алджээ
Зам тээврийн осолтой холбоотойгоор Замын цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улс зам тээврийн ослоор хүүхэд бэртэж, амь насаа алдсан тоогоор Ази тивийн хэмжээнд эхний тавдугаарт жагсаж байна. Энэ нь гамшгийн хэмжээнд хүрсэн аюул болохыг мэдээллийн эхэнд онцоллоо.
Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 5611 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 222 хүүхдийн амь нас хохирч, 5389 хүүхэд хүнд хөнгөн бэртсэн байна. Үүнийг сүүлийн хоёр жилийн хугацаанд аваад үзвэл өнгөрсөн оны арван сарын байдлаар 49 хүүхэд амь насаа алдаж, 201 хүүхэд бэртсэн бол энэ оны мөн үед 48 хүүхэд нас барж, 199 хүүхэд гэмтсэн байна.
Өөрөөр хэлбэл зам тээврийн ослоор хоёр жилийн хугацаанд 100-аад хүүхэд нас барж, 400-аад хүүхэд гэмтэж бэртсэн нь энэ төрлийн осол төдийлөн буурахгүй байгааг харуулж байна, Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат “Үүнийг тоон мэдээллээс харахад буураад байгаа юм шиг боловч харамсалтай нь маш бага байна. Тиймээс хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах чиглэлээр зөвхөн цагдаагийн байгууллага бус эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид онцгой анхаарч. энэ чиглэлийн осол пмтлийг бууруулах шаардлага тулгарч байна” гэлээ.
Дээрх зам тээврийн ослын дийлэнх шалтгаан нь Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүдэлтэй аж. Тэд орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өворхангай, Ховд, Төв аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт хүүхэд амь насаа алдсан явдал хамгийн их тохиолдож буйг дурьдлаа.Мөн зам тээврийн ослоор 2015 оны 10 сарын байдлаар 501 хүн нас барсан бол 2016 оны мөн үед 418 хүн нас барж 16.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Хэдийгээр буурсан ч энэ хоёр жилийн хугацаанд 1000 орчим хүн зуурдаар нас барж, 2000 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Тиймээс энэ асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах цаг хэдийнэ ирсэн гэдгийг Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав онцлов.
Тэрбээр “Манай холбоо байгуулагдаад таван жил боллоо, Хуулийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу зам тээврийн ослоос сэргийлэх сургалт сурталчилгаа явуулж байна, Нэн түрүүнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон жолоочийн хариуцлагад анхаарах хэрэгтэй” гэв,