Төв аймагт осол зөрчлийн тоо буурсан ч ослын улмаас гэмтэж, бэртэх нь ихэссэн
Албан журмын даатгагчдын холбооны Төв аймаг дахь салбарын ажилтан Ц.Ганбаатар
2016.04.14

Төв аймагт осол зөрчлийн тоо буурсан ч ослын улмаас гэмтэж, бэртэх нь ихэссэн

Албан журмын даатгагчдын холбооны Төв аймаг дахь салбарын ажилтан Ц.Ганбаатартай орон нутаг дахь нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

Төв аймгийн хэмжээнд хичнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна?

2015 оны байдлаар 11020 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Манай аймагт Санхүүгийн Зохицуулах хороонд бүртгэлтэй 8 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулдаг. 2015 оны байдлаар эдгээр даатгалын компаниудын нэгдсэн дүнгээр 4654 даатгуулагч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байна. “Жолоочийн даатгалын тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах жолооч нарын тоо харьцангуй өссөн үзүүлэлттэй байна.

Танай аймагт зам тээврийн осол, зөрчил хэр гарч байна?

2016 оны нэгдүгээр улирлын тайлан мэдээг аймгийнхаа Замын цагдаагийн газраас авлаа. Энэ тайланд дурдсанаар зам тээврийн энэ оны эхний улирлын байдлаар 67 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13 удаа гарч, үүний улмаас 2 хүний амь нас эрсдэж, 40 хүний биед хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл учирч, 242 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.

Энэ тоо баримтаас харахад манай аймагт зам тээврийн осол, зөрчлийн тоо өмнөх оны мөн үеийнхээсээ 38 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч гэмтэж, бэртсэн хүний тоо 25 хувиар өссөн байна.

Бусад аймгуудад гарч буй зам тээврийн осол, зөрчлийг өөрийн аймагтай харьцуулбал хэр байна?

Албан журмын даатгагчдын холбоо 21 аймагт салбартай. Эдгээр салбар хоорондоо байнгын харилцаа холбоотой ажилладаг. Манай аймагт он гарсаар 11 даатгалын тохиолдол бүртгэгдээд байна. Даатгалын эдгээр тохиолдолд нийт 4 сая 360 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгосон.

Бусад аймагтай харьцуулахад Төв аймаг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоогоороо харьцангуй өндөр. Мөн манай аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатар хотод орж, хотоос гарч буй бүх тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг.

Замын цагдаагийн газраас гаргасан мэдээгээр өвлийн цагт гэхэд өдөрт 1000-2000 орчим тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн тоо бий. Тийм учраас манай аймгийн нутаг дэвсгэрт зам, тээврийн осол, зөрчил бусад аймагтай харьцуулахад харьцангуй олон бүртгэгддэг.

Орон нутгийн жолооч нар жолоочийн хариуцлагын даатгалд хэрхэн ханддаг вэ?

“Жолоочийн даатгалын тухай” хуулийг сурталчлах үүднээс бид хууль хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай аймгийн тээврийн хэрэгсэл өмчлөгчдийн хувьд жолоочийн хариуцлагын даатгалд эерэг хандлагатай байж, идэвхтэй даатгуулдаг.

Хуулийн ач холбогдлыг бүрэн ухаарч, даатгуулж байна. Дашрамд хэлэхэд, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаад зогсохгүй тээврийн хэрэгслийн даатгалдаа давхар даатгуулаарай. Ингээгүйгээс осол, зөрчил гаргасан жолооч өөрөө эд хөрөнгөөрөө хохирч байна.

Төв аймаг дахь салбарын хувьд ямар хүчин чадал, хүн хүчээр ажиллаж байна? Хүчин чадал, хүн хүч хүрэлцэж байна уу?

Төв аймгийн хэмжээнд АЖДХ-ны найман салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг салбарт 3 хүн ажилладаг. Миний бодлоор нэг аймагт даатгалын 1-2 төлөөлөгчтэй.

Саяхан холбооны удирдлагын зүгээс орон нутаг дахь салбарын ажилтнуудын тоог цөөлөх шийдвэр гаргасанд харамсч байна. Төвийн сумдад хүн хүч хүрэлцэж байж болох ч алслагдсан сумдад боловсон хүчин, ажилтнууд хүрэлцэхгүйгээс өдөр тутмын ажилд хүндрэл учрах нь бий.  

Даатгалын компани, албан журмын даатгагчдын холбооны хамтын ажиллагаа нь эцсийн дүндээ ямар ач холбогдол юм бол?

Манай холбоотой гэрээтэй даатгалын компанийн даатгуулагч жолооч даатгалын тохиолдол гаргавал манай шуурхай алба газар дээр нь очиж ажилладаг. Манай Зуунмод суманд даатгалын тохиолдол гарлаа гэхэд манай шуурхай алба 5-10 минутад очдог.

Зам тээврийн осол, зөрчлөөс болж хохирсон иргэдэд хохирлыг богино хугацаанд нөхөн олгуулах үүднээс хамтран ажилладаг. Манай холбооны гишүүн даатгалын компаниуд, жолооч, хохирогчийн эрх ашгийг хамгаалах хуулира хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Даатгуулсан жолооч осол, зөрчил гаргахаас гадна даатгуулаагүй жолооч осол, зөрчил гаргасны улмаас нөхөн төлбөр гаргуулах тохиолдол хэр элбэг байдаг вэ?

Харьцангуй цөөн. Жилд 1-2 удаагийн тохиолдол гарч байна. Манай холбоотой гэрээ байгуулж, буцаан төлөх нөхцөлтэйгээр нөхөн төлбөр нэхэмжилдэг.

“Жолоочийн даатгалын тухай” хуульд засч, сайжруулмаар, алдаа оноотой зүйл хэр тусгагдсан гэж үздэг вэ? Яавал илүү чанаржих бол?

Өмнө нь мөрдөж байсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд зааснаар жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, даатгалд хамрагдсан эсэхийг шалгах эрх замын цагдаад байсан. Одоогийн шинэчилсэн хуулиар энэ заалт хасагдсан.Энэ заалтыг сэргээх үүднээс холбогдох газрууд санаа тавьж ажиллаасай гэсэн саналтай байна.

Төв аймаг дахь холбооны салбараас зам тээврийн осол, зөрчлийг бууруулах үүднээс ямар санал, санаачилга дэвшүүлэн тавьж, ажилладаг вэ? Сүүлийн үеийн жишээ гэвэл?

Аймгийнхаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Зуунмод сумын урьдчилан сэргийлэх төвтэй хамтраад “Жолоочийн даатгалын тухай” хуулийг иргэдэд сурталчлах чиглэлээр аймгийн төв телевизтэй гэрээ хийж ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд гарч буй зам тээврийн осол, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс яаж хамгаалах талаар олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэж байна.

Замын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбооны хамтарсан санамж бичгийн хүрээнд зам тээврийн осол, зөрчил түгээмэл гардаг газруудад хяналт шалгалт хийх, үүнээс улбаатай дүгнэлт гаргасны үндсэн дээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлон ажилладаг.