Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалдаа хамрагдаарай
2015.06.12

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалдаа хамрагдаарай

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх замаар жолооч танаас гэнэтийн, тооцоолоогүй их хэмжээний зардал гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн эх үүсвэр бий болгох, мөн уг осолд холбогдсон хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой.  

Хэн даатгуулах вэ?

1.Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр;

2.Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

Хэрхэн яаж даатгуулах вэ?

Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч та даатгалын компаниа чөлөөтэй сонгох эрхтэй! Монгол улсад Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 15 даатгалын компани байна.

Даатгалын компаниудын мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Даатгалын гэрээний хугацаа 12 сар хүртэл байх бөгөөд даатгалын гэрээ байгуулагдсан даруйд даатгагчаас даатгалын баталгаагаа авч, холбогдох эрх бүхий ажилтан шалгах үед даатгалын баталгаагаа шалгуулаарай! 

Даатгалын үнэлгээ, хураамж:

Даатгалын үнэлгээ буюу нэг удаагийн тохиолдлоор авч болох нөхөн төлбөрийн дээд хэмжээ болон даатгалын суурь хураамж нь доорх хүснэгтэд дурдсан хэмжээтэй байна.  

Тээврийн хэрэгслийн ангилал

Даатгалын үнэлгээ буюу нэг удаагийн тохиолдлоор авч болох нөхөн төлбөрийн дээд хэмжээ(₮)

Даатгалын суурь хураамж (₮)

1

“А” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая

12500

2

“В” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая

33000

3

“С” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая

42500

4

“Д” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая

53000

5

“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая

12500

Жолооч таны нас, жолоо барьсан туршлага, тээврийн хэрэгслийн даац, хөдөлгүүрийн багтаамж, газар нутгийн байршил, жолоочийн тоо зэргээс хамааруулан даатгалын суурь хураамжийг нэмэгдүүлж буюу хорогдуулж, таны төлөх даатгалын хураамжийг тодорхойлно.

Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь 33000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө.

 Даатгалын тохиолдол болсон үед жолооч дараах арга хэмжээг яаралтай авах үүрэгтэй.

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан тухайгаахохирогчид мэдэгдэх;

-Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдэх;

-Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, даатгалын баталгааг шалгуулах;

-Даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөх.

 АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ ТАНЫ АНХААРАЛД: 

-Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.

-Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулаагүй этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-д байлгаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.