С.Эрдэнэ: Гал унтраах төдий төсөв оруулж ирсэнд харамсаж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ
2016.11.02

С.Эрдэнэ: Гал унтраах төдий төсөв оруулж ирсэнд харамсаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, мөнгөний бодлого, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах талаар иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Өнөөдрийн хэлэлцүүлгийг УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, АН-ын бүлэг хамтран зохион байгуулж байна. Иргэдэд, нийгэмд эдийн засгийн төлөв байдлын талаар мөнгөний бодлогын асуудал, 2017 оны төсвийн талаарх мэдээлэл хангалттай биш байна. Цаашид эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ, эдийн засгийн бүтцийн ямар өөрчлөлт хийх гэж байгаа зэрэг төсөл зорилтууд харагдахгүй байна. Иймээс энэ талаар тодруулах мөн иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр төсвийн алдагдлыг 1.6 их наяд төгрөгөөр буулгах, орлогоо зөв тооцвол 500-600 тэрбумаар нэмэгдүүлэх боломж бий гэсэн юм.

"Уул уурхайгаас олж буй орлогоо нэмэгдүүлэхэд яагаад санаа тавихгүй байгаа юм бэ. Өнөөдөр олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний нэг тонн нь 220 ам.доллароор худалдаалагдаж байхад Тавантолгойгоос гарч буй нэг тонн коксжик нүүрсний үнэ өсөхгүй байна. Үүний төсөвт өөдрөгөөр тусгах эрмэлзэл харагдахгүй байна. Нөгөө талаас Хятадаас урт хугацааны бага хүүтэй зээл гуйж явахын оронд Хятадад гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх талаар яагаад санаачилга гаргахгүй байгаа юм бэ. Гал унтраах төдий төсөв оруулж ирсэнд үнэхээр харамсаж байна" гэв.

Дөрөвхөн сарын дотор ам.долларын ханш 400 гаруй төгрөгөөр өслөө. Өнгөрсөн дөрвөн жилд ам.долларын ханш нийт 600 гаруй төгрөгөөр өссөн гэдгийг онцоллоо.