Сошиал сүлжээ тийм ч үр дүнтэй биш байна
2016.10.17

Сошиал сүлжээ тийм ч үр дүнтэй биш байна

2016 оны УИХ-ын сонгуулийн ирц өмнөх сонгуулиудаас харьцангуй өндөр байж, нийт сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн. Тэгвэл энэ сарын 19-нд болох Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн идэвх энэ хэмжээнд хүрэх болов уу гэсэн асуулт тулгарч байна.

Сонгуулийн идэвх, иргэдийн сэтгэл зүйн судалгааны дүнгээс харахад, зарим иргэд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эсэхээ шийдээгүй байна. Сонгуульд оролцлоо гэхэд нам дэмжихгүй, хүнийг нь дэмжинэ гэсэн хариулт зонхилж байна. 

Сонгуулийн идэвхийг сайжруулах үүднээс “Сонгогчдын боловсрол төв”-өөс теле-шторкууд цацаж байна. Гэсэн хэдий ч УИХ-ын сонгуулийн ирцэд хүрэхгүй байх магадлалтай. Учир нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүд алдаатай байгааг сөрөг хүчин хүчтэй илэрхийлж, иргэдийн улс төрд итгэх итгэл улам суларсаар байна.   

УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн дийлэнх нь сурталчилгааны самбар, сошиал сүлжээ, телевизүүдийг сурталчилгааны гол хэрэгслээрээ сонгосон. Тэгвэл Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх төдий л фэйсвүүкийн “sponsored”  хуудаснууд олширч, сонгогчдын санаа бодлыг тандах гэсэн хуурмаг “page”-үүд хүчээ авлаа. Тараах материал ашиглалгүй сошиал сүлжээгээр намууд, нэр дэвшигчид PR-аа хийж байгаа нь төдийлөн үр нөлөөгөө өгөхгүй байна. Өмнөх сонгуулиар ч энэ дүр зураг ажиглагдсан.

Сошиал сүлжээ ашиглаж буй хүмүүсийн дийлэнх нь сонгуулийн сурталчилгаа нүднийхээ өмнөөр гүйлгэх төдий өнгөрөөж байна. “Facebook” –ийг үүсгэн байгуулагч МаркЗукерберг: “Би энэ сүлжээг нийгэмд болж бүтэж буй, өөрт тохиолдсон сайн сайхан зүйлсээ хуваалцах орон зай, харилцааны хэрэгсэл болгохын тулд нээсэн” гэж нэгэнтээ хэлсэн. Хүмүүс сошиал сүлжээ тэр дундаа фэйсвүүкийг өдөр тутамдаа идэвхтэй ашиглаж байгаа ч улс төрчдийн PR-ийн талбар болгохыг нэг их хүсэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх шиг.

Дүүргийн нэг хороо дунджаар 8000-11 000 хүн амтай. Сумын хүн амын тоо харилцан адилгүй.  Тиймээс сум, дүүргийн сонгогчдынхоо насны онцлог, амьдралын хэв маягт тохирсон үр дүнтэй, хүртээмжтэй аргыг сонгож, амьд харилцааг чухалчлах нь зүйтэй болов уу.

 Б.Баярцэнгэл