Ч.Улаан: Төсвийн алдагдал өндөр байх нь эдийн засагт сөрөг үр дагавартай
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.10.05

Ч.Улаан: Төсвийн алдагдал өндөр байх нь эдийн засагт сөрөг үр дагавартай

Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мөн УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудалд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тусгаад байгаа юм. Тэгвэл эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны Төсвийн тухай хуу­лийн төслийг Засгийн газар өргөн бариад байна. 2017 оны төсвийг хэр бодитой тооцсон байна вэ?

2017 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад хэдхэн хонож байна. Хуулийн төслийг судалж байгаа. Төсөв гэдэг бол маш хариуцлагатай баримт бичиг. Ул суурьтай тооцож, хэлэлцэж байж батлах учиртай.

Одоо өргөн баригдаад буй хуулийн төсөл дээр нэлээд ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл, төсвийн үр ашгийн үзүүлэл­түүдийг сайжруулах, нөөц бололцоогоо дайчлах чиглэлд аль аль талдаа маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. 

-Зарлага нь орлогоосоо хэт илүү байхаар тооцсон байсан. Төсвийн алдагдлын  хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 2.6 их наяд төгрөгт хүрэх нь...

Төсвийн алдагдал өндөр байх нь эдийн засагт маш сөрөг үр дагавартай. Тийм учраас аль болох төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж ажиллах хэрэгтэй. Төсвийн тодот­гол хэлэлцэж байх үед намын бүлгийн ажлын хэсгийг ахалж байхдаа төсвийн алдагдлыг бууруулах ёстой гэсэн саналыг л хэлж, ярьж, оруулж байсан. 

-Төсвийн алдагдал, төс­вийн зарлагыг нөхөх эх үүсвэр тодорхой­гүй байгаа гэж олон хүн яриад байна?

Эх үүсвэр бол үргэлж тодорхой байдаг. Ойлгомжтой хэдхэн эх үүсвэр байгаа. Нэг­дүгээрт, өөрийн дотоод эх үүсвэр байна. Гэхдээ дотоод эх үүсвэрийг тооцоод байхгүй гэж үзвэл гадаад эх үүсвэр буюу зээл авах боломж бий. Эсвэл тусламж авах асуудал байдаг.

Тусламж авах асуудал бол хязгаартай. Тэгэхээр зээл авна гэсэн үг. Гэхдээ зээл аваад өрийн таазыг хэмжээ, хязгааргүй нэмэгдүүлбэл сөрөг үр дагавар их гарна. Тиймээс өнөөгийн нөхцөлд тохирсон, оновчтой, зөв тэнцвэрийг олж бодлогоо тодорхойлох учиртай. 

-Өрийн таазыг ДНБ-ийн 85 хувь хүргэнэ гэсэн байна лээ. Ингэж өсгөх нь ямар үр дагавартай вэ?

Бодитой хандах учиртай. Нэг­дүгээрт, бий болсон нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байх. Хоёрдугаарт, хэрэгжүүлэх гэж байгаа бод­логынхоо цар хүрээ, боломжийг харгалзан үзэх ёстой юм.

Тэгэхгүй механикаар ямар нэгэн хязгаарлалт хийж болох­гүй. Мэдээж өрийн таазыг хэмжээ хязгааргүй өсгөж болохгүй гэдэг нь ойлгомжтой зүйл. Энэ бодлого алдагдсанаас болоод ямар хүнд байдалд орсныг бүгд харж байна.

Өмнө нь өрийн таазыг 60 хувь болгоё гэсэн санал оруулж байхад ямар дуулиан болгож байлаа. Огт дэмжихгүй байсан. Гэтэл хуульгүйгээр явсаар байгаад одоо 70, 80 хувьд хүрчихээд байна. Үүнд хязгаарлалт хийж, сахилгажуулах асуудал байгаа. 

-УИХ-ын намрын чуул­ганаар Сонгуулийн ту­хай хуулийг хэлэл­цэхээр багтаа­сан байсан. Сонгууль болгоны өмнө, хойно Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг байдал тогтлоо?

Тогтлоо биш тогтчихсон практик шүү дээ. Бүх сонгуу­лийн дараа Сонгуулийн хуульд өөрчлөлт ордог. Энэ асуудалд би хувьдаа маш их шүүмжлэлтэй ханддаг. Өнөөгийн нөхцөлд тохирсон оновчтой сис­темийг бид олж чадахгүй байна. Үүнээс болж сонгууль болгоны дараа тус хуульд өөрчлөлт оруулах асуудал яригддаг. Жижиг мажоритар тойрог бол өөрөө сөрөг үр дагавар дагуулдаг. Үүнийг сонгуулийн өмнө тодорхой хэлж байсан. 

Тэр битгий хэл пропорционалийн элементийг хадгалж үлдье гэсэн хуулийн төсөл санаачилж байсныг мэдэж байгаа байх. Ингэхдээ Монгол Улсыг нэг тойрог болгоод, олон мандаттай тойргоос ард түмнээрээ сонгуулъя. Ингэвэл сонгуулийн үр дүн болон сонгогчдын өгсөн саналын үр дүн хоорондоо илүүтэй уялдана. Тэгэхээр энэ чиглэлд эрэл хайгуул хийж, өөрчлөлт хийх шаардлага байгаа.