МБЗ-ийн шинэ гишүүд: Залуу бизнесүүд яаж сэтгэдэг вэ?
Монголын Бизнесийн Зөвлөлд 9 дүгээр сард элссэн шинэ гишүүд
2016.10.03

МБЗ-ийн шинэ гишүүд: Залуу бизнесүүд яаж сэтгэдэг вэ?

2016 оны 9 дүгээр сард Монголын Бизнесийн Зөвлөл 5 шинэ гишүүнээр эгнээгээ тэлсэн. Улаанбаатар хотын амьдралын хэв маягийг тодорхойлогч "Club Coworking", байгаль орчин, ногоон хөгжилд чиглэсэн төслүүдийг дэмжигч "IGES", Үл хөдлөх хөрөнгийн дэлхийн хамгийн том сүлжээний Монгол дахь салбар "Real Estate Centre Holding Pte Ltd", Олон улсын нэр хүндтэй компани болох зорилготой "Seaberry Farm Products", Монгол Улсын тээвэр зуучлалын зах зээлийн 15 хувийг эзэлдэг "SB Logistics" компаниуд Монголын Бизнесийн зөвлөлийг найдвартай түнш, найз, хамтран ажиллагч, дэмжигчээр сонгожээ.  Тэдний дунд 2 онцолмоор бизнес байсан юм. 

Club Coworking-Яаж сэтгэ вэ гэмээр

Coworking space

Шинэлэг, орчин үеийн, ирээдүй гэдэг үгс уг үйлчилгээг тодорхойлох байх. Би өмнө нь ийм үйлчилгээ байдгийг, энэ үйлчилгээгээр бизнесүүд үйлчлүүлнэ гэж бодсонгүй. Тэгсэн үгүй юм аа, бодоод үзэхэд боломжтой юм байна. Өнөөдөр биш ч маргааш энэ үйлчилгээг хүмүүс ойлгоно. Учир нь өдөр ирэх тусам нүсэр бүтэц задарч, хуучны ойлголт ул болж байна. Шинэлэг орчинд нэг, хоёр, гурваараа тодорхой багцаас сонгон өөрийн гэсэн оффистой болно. Тэр оффис задгай, нээлттэй бөгөөд миний ч, чиний ч оффис. Таатай орчныг мөнгөө төлж авснаар илүү төвлөрөх боломжтой. Орчин үед чөлөөт уран бүтээлч, ганцаар ажиллагсад, стартапууд дэлхийн чиг хандлагаа дагаад улам нэмэгдэж байна. Ийм хүмүүсээр ажил хийлгэх сонирхолтой зах зээл ч бий болж. Тиймээс "Коворкинг" бол буланд шигдэж суудаг ганцаардмал бөгөөд ажил хэрэгч нэгэнд ч тэр,  цомхон бүтцээр ихийг бүтээгч жижиг бизнесүүдийн байх газар мөн. Та тухтай сандал, ширээг ашигла, хүссэнээрээ кофегоо уу, интернэтээ хязгааргүй хэрэглэ, бусадтай харилц, амжилтаа ахиул... Энэ бол Коворкинг гээд хэлчихье.

"Коворкинг" компанийн төлөөлөл

Компанийхаа үйлчилгээг уян хатан, таатай нөхцөл гэж харж байна?

Бид бизнесээ эхлэхийн өмнө их судалж, үйлчилгээний нөхцөл, үнээ гаргасан. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд хүмүүсийн худалдан авах чадвар, төлбөрийн чадамж, зах зээлийн багтаамж, хүмүүсийн эрэлт хэрэгцээ, компанийн үндсэн хөрөнгө оруулалт хийгээд урсгал зардал зэрэг бүх түвшинд тооцоо судалгаа хийж байж үйлчилгээгээ зах зээлд санал болгож байна. Манай хамгийн эрэлт хэрэгцээтэй багц бол долоо хоногт 3 удаа буюу "Amigo" багц. 

Санал болгож буй багцууд

Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагад нийцүүлсэн "Коворкинг"-ийн үйлчилгээг манайх хэр хүлээн авч байна?

Бид үйл ажиллагаа явуулаад удаагүй байна. Энэ оны 5 дугаар сарын 16-нд албан ёсоор үүд хаалгаа нээсэн. Анх эхлэхэд хэцүү байсан. Монголд "Коворкинг" гэдэг маш шинэлэг ойлголт. Бид шууд үүд хаалгаа нээгээгүй. 2015 оны 12 дугаар сараас эхлэн фэйсвүүк хуудас, сайтаа нээж, "Коворкинг гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ, хэнд хэрэгтэй вэ, энд сууснаар ямар давуу талтай вэ" гэх зэргээр танин мэдэхүйн, сурталчилгааны шинж чанартай мэдээллийг тарааж эхэлсэн.

Ингээд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэхэд коворкингийн талаар зарим хүн тодорхой ойлголттой болсон байсан. Одоо ч гэсэн хараахан ойлголттой болж амжаагүй хүмүүст коворкингийн талаар тайлбарласаар л байна.

Эхний нэг, хоёр жил зах зээл сайн ойлгож, хүлээж авахгүй байх магадлалтай. Хэдэн жилийн дараа гэхэд "Коворкинг"-ийн талаар хүмүүс тодорхой ойлголттой болж, зах зээлд ч гэсэн өрсөлдөгч компаниуд гарч ирэх байх.

Байршлын тухайд?

"ICC Tower"-ийн 13 давхарт байдаг.  Хоёр ерөнхий хэсэгтэй. 

Seaberry-Ямар том зориг вэ?

"Seaberry" брэнд

Энэ компанийн зорилго цаашилбал алсын харааг сонсоод надад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл. Ямар том зориг вэ гэж? "Seaberry Farm Products" ХХК нь ирээдүйн "Apple", "Samsung", "Toyota" болох. Монголдоо маркетинг, нэгдсэн удирдлагаа байршуулж, дэлхийн даяар албан ёсны борлуулагч, түнш компанитай болох зорилготойгоор эрчтэй ажиллаж байна. Чацарганыг шууд хүнсэндээ хэрэглэх эсвэл шахаж шүүс гарган, тосыг нь хэрэглэдэг. Тэгвэл үндсэн нэр төрлийг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнээр тэлэх боломжтойг "Seaberry Farm Products"-ийн дэлхийн 12 оронд харуулж байна. 

"Seaberry Farm Products" компанийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа

Чацарганы шүүс, тос үйлдвэрлэдэг компаниуд цөөнгүй. Тэгвэл танай компанийн онцлог юу юм бэ?

Монголын чацаргана бол олон төрлийн өвчин анагаахад тустай, төрөл бүрийн амин дэмтэй. Зөвхөн чацарганы шүүс, тос биш маш олон бүтээгдэхүүнд түүхий эд болгон ашиглах боломжтой гэдгийг судалгаагаар нотолсон. Манай компани лабораторийн туршилт, шинжилгээний үндсэн дээр гоо сайхан, арьс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12 улсад нийлүүлж байна.

Манай төслийн бусад чацарганы төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудаас ялгарах нэг онцлог нь цэвэр экспортынх байх болно. “Apple”, “Samsung”, “Toyota” зэрэг дэлхийн брэнд компаниудын жишгээр олон улсын компани болох зорилготойгоор 4 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж чадсан уу?

Эхний 1-1,5 жилийг зах зээлийн гадаад, дотоод орчны судалгаа, бүтээгдэхүүний лабораторийн туршилт хийхэд зарцуулсан. Тухайн улсын зах зээлд манай компани шууд орохгүй, албан ёсны дистрибютер компаниар дамжиж нэвтрэх юм. Тэрхүү албан ёсны төлөөлөгч, борлуулагч нь тухайн зах зээлд манай бүтээгдэхүүнийг ямар маркетингаар яаж борлуулах вэ гэдгээ шийднэ.

Лабораторийн туршилт, судалгаанд багагүй хөрөнгө зарцуулсан байх. Энэ хөрөнгийг хаанаас, яаж босгов эсвэл өөрийн хөрөнгөөр эхлэв үү?

Манай компанийн хувьцаа эзэмшигч гурван компани байдаг. Нэг нь АНУ-ын, нөгөө хоёр нь Монголын компани байдаг. Сингапур улсад манай дизайны баг ажиллаж байгаа бол Солонгост манай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, АНУ-д маркетингийн баг ажиллаж байна.

Apple-ийг хамтран үүсгэн байгуулагч Steve Wozniak (Стийв Возниак) гэж хүн байдаг. Тэр хүн миний ментор. Манай компани "2015 оны Шилдэг манлайлагч маркетинг" гэсэн шагналыг олон улсаас Монголд анх удаа авсан Үүний үр дүнд Стийв намайг нэг жил дагалдуулж, сургасан.

Стийв: "Бүтээгдэхүүн чинь зарагдахгүй байгаа бол тэр буруу бүтээгдэхүүн байна гэсэн үг. Зах зээлээ сайн судал, зах зээл чинь юу хүсээд байна яг тэдний хүсч буй бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Тэгж байж чи амжилтад хүрнэ" гэж зөвлөдөг байсан.

Дэлхийн эрүүл мэнд, гоо сайхны зах зээлд "Seaberry" яг Apple шиг эрэлт хэрэгцээтэй компани байх болно. Монгол менежменттэй, маш олон ажилчинтай компани болсноор Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болно. "Toyota", "Apple" зэрэг компаниуд улсаасаа илүү мөнгөтэй, маш олон хүнийг ажлын байраар хангаж, цалинжуулж байна шүү дээ.  

Тийм ээ. Тэд өөрийн өөрийн гэсэн онцлогтой, том зорилготой. Зөвхөн энэ ч бус хангалттай нөөц боломж байгаа мэт санагдлаа. Хичээгээд байгаарай.