Монголын Бизнесийн Зөвлөл хамтын ажиллагааны хүрээгээ улам тэлсээр байна
Монголын Бизнесийн Зөвлөл, National News Corporation болон IGES буюу Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн ОУБ-уудын туг
2016.10.03

Монголын Бизнесийн Зөвлөл хамтын ажиллагааны хүрээгээ улам тэлсээр байна

Энэ удаагийн сарын хурал онцлог болж өнгөрлөө. Учир нь Монголын Бизнесийн Зөвлөл нь National News Corporation болон IGES буюу Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн ОУБ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичиг үзэглэлээ

"Bloomberg", "Засгийн газрын мэдээ", "Forbes" зэрэг бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл түлхүү цацдаг "National News Corporation"-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Энэхүү хамтын ажиллагааг Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн машид онцолж байсан юм. Учир нь өөрийн орны бизнесийн орчныг бүгдэд ижил тэгш, нээлттэй, шударга, тогтвортой байлгахын төлөөх дуу хоолойгоо УИХ, Засгийн газарт улам хүчтэй хүргэхэд тус корпорацийн дээр дурдсан мэдээллийн сувгууд маш том тус болно гэж үзэж байна. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн ОУБ-ын цаг уур, эрчим хүч хариуцсан бүсийн захирал Казухиса Коакутсутай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус олон улсын байгууллагын шугамаар 2013 оноос эхлэн Монголд 5 төсөл хэрэгжиж байна. Цаашид нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашигласан ногоон төслүүдийг санхүүжүүлэхэд Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран ажиллахаар болж байна. Зөвлөлийн гишүүдэд төслийн боломжуудыг танилцуулах, илүү олон төсөл хамруулах зорилгоор ийнхүү хоёр байгууллага санаа, зорилго нэгдлээ. Япон Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн орнуудад хэрэгжүүлж буй энэхүү хамтарсан механизм нь 2030 он хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 56 сая ам.долларын төсөвтэй санхүүжилтийн багцаас Азийн улс орнуудаас ирүүлсэн төслүүдээс сонгон шалгаруулж, шилдэг төслүүдэд хөрөнгө оруулах юм байна. Тиймээс манай компаниуд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, хог хаягдлын менежмент зэрэг байгаль орчны олон асуудлыг шийдэх, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн төслүүдээ өрсөлдүүлэх, улмаар санхүүжилт авах боломжтой. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн 9 дүгээр сарын хурлын илтгэгчид

Хоёр байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахын өмнө уламжлал ёсоор тус Зөвлөлийн гүйцэтгэх захирал болоод ТУЗ-ын гишүүн М.Болд нар үг хэлсэн. Гүйцэтгэх захирал Ч.Мэргэн өмнөх сард Монголын Бизнесийн Зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд өрнөсөн онцлох үйл явдал, арга хэмжээнүүдийн талаар дурдаж, цаашид оролцох, бие даан зохион байгуулах, хамтран ажиллах үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тухайлбал, Засгийн газрын татвар нэмэх бодлогыг эрс эсэргүүцэж, 2016 оны улсын төсвийг тодотгохтой холбогдуулан саналаа хэлж, эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах, гарах арга замын талаар эрх баригчдад бизнес эрхлэгчдийг төлөөлөн байр сууриа илэрхийлснээ онцолж байлаа.

9 дүгээр сарын хурлын илтгэгчээр "Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн" ОУБ-ын Уур амьсгал, эрчим хүч хариуцсан бүсийн захирал Казухиса Коакутсу, National News Corporation-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион, "Seaberry Farm Products" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа нар байлаа.

IGES 

Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн ОУБ-ын бүсийн захирал Какухиса Коакутсу

Тэрээр ОУБ-ынхаа хэрэгжүүлж байсан төслүүд, ирэх онуудад хэрэгжүүлэх төслийн чиглэлүүд, төсөлд тавигдах шаардлага, санхүүжилт авах арга замын талаар энэ өдөр сарын хуралд ирсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Монголын Бизнесийн Зөвлөлд гишүүнчлэлтэй олон улсын байгууллагын тоог энэ өдөр тус байгууллага нэгээр нэмлээ. 

National News Corporation

"National News Corporation"-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион

Ноён Э.Долгион "Блүүмберг бол бизнес. Бизнес бол Блүүмберг" гэж тодорхойлсон. Тэрээр "Монголын медиа зах зээлийг ашиглан өөрийн бизнесээ өсгөх нь" сэдвээр тавьсан илтгэлдээ манай орны хэвлэл мэдээллийн салбар өөрчлөгдөж байна, Блүүмберг телевиз тэргүүтэй "National News Corporation"-т хамаарах сэтгүүл, сонин, сайт нь боловсрол олгох шинжтэй энтертайнмент контентуудаар дамжуулан бизнес эрхлэгчдэд мэдээ мэдээлэл түгээж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр илтгэлээрээ энэ зарчмаар ажиллах нь илүү үр өгөөжтэй бөгөөд бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэх болно гэсэн агуулгыг гаргасан юм. Э.Долгионы удирдаж буй компани энэ өдөр Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн боллоо.

Seaberry Farm Products

"Seaberry Farm Products" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа

Хатагтай Д.Болортуяа "Олон улсын зах зээлд гарах арга зам, боломж" сэдвээр өөрийн компанийн туршлагад үндэслэсэн илтгэлээ тавилаа. Тэрээр илтгэлдээ "Apple", "Apple" гэсэн үгийг олонтаа дурдаж байсан бөгөөд дэлхийн алдарт компаниудын жишгээр олон оронд албан ёсны борлуулагчтай болж, тэдгээр төлөөлөгчдөөрөө дамжуулан бизнесээ өргөжүүлэх зорилготой байгаагаа энэ үеэр дурдсан юм. Түүнтэй илтгэл тавьж дууссаны дараа хэдэн хором ярилцсан. Учир нь түүний тэргүүлж буй компани зөвлөлийн шинэ гишүүн. "Монголын Бизнесийн Зөвлөл"-д нэгдсэн эхний өдөр ямар байгаа талаар асуухад Д.Болортуяа: 

"Би МБЗ-ийн гишүүн болоогүй байхдаа ч зарим сарын хурал дээр ирдэг байсан. Монголын Бизнесийн Зөвлөл бол маш хэрэгтэй байгууллага гэж боддог. Монголд ямар ямар шинэ бизнесүүд гарч ирж байна, гишүүн компаниуд яаж хамтран ажиллаж болох талаар мэдээлэл авч байна. Тус зөвлөл гишүүдээ идэвхжүүлэх үүднээс байнгын арга хэмжээ зохион байгуулдаг. Хамтын ажиллагаа, баг бүрдүүлэлт гэдгийг Монголын Бизнесийн Зөвлөл бодитоор харуулж байна." 

Тус зөвлөлийн шинэ гишүүн болсон өөр хоёр компанийг энд бас танилцуулах нь зүйтэй. 

SB Logistics

"SB Logistics" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран

2001 онд байгуулагдсан олон улсын тээвэр, зуучлалын бизнесээр Монголын зах зээлд 15 хувийг эзэлдэг тус компани зөвлөлийн шинэ гишүүн боллоо. Шинэ гишүүн компаниа танилцуулдаг уламжлалаар хатагтай Л.Мөнхнаран төмөр зам, агаарын тээвэр, автомашин зэрэг бүхий л тээврийн хэрэгслээр харилцагч байгууллагуудынхаа ачаа тээврийг найдвартай хүргэдгээ хэлсэн. Тээвэр, зуучлалын мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн "SB Logistics"-ийнхэн уян хатан, сайн үйлчилгээ санал болгож байна. Тус компани тээвэр, зуучлалын байгууллагын нэгдсэн холбооны удирдах зөвлөлд харьяалагддаг бөгөөд уг холбоогоор дамжуулан салбараа хөгжүүлэх, салбарын бие даасан хуультай болох санал, санаачилга гаргаж байгаагаа хэдэн хором ярилцах үеэрээ илэрхийлсэн юм.

 Л.Мөнхнаран: "Зөвлөлд гишүүнээр элсэхийн өмнө судалсан. Зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь зах зээлд тодорхой байр сууриа эзэлсэн компаниуд байдаг. Эдгээр компанитай мэдээлэл солилцох, зах зээлээ тэлэх боломжтой гэж харж байна. МБЗ-ийн гишүүд дотор манайхаас гадна нэг л тээвэр зуучлалын компани байгаа нь энд манай зах зээл байх магадлалтай, зөвлөлийн гишүүдэд тээвэр, зуучлалын үйлчилгээний эрэлт хэрэгцээ байгаа болов уу гэж бодож байна." 

Club Coworking

"Coworking" компанийн төлөөлөл

Оффисийн дэлхийн чиг хандлагад нийцсэн, шинэлэг, орчин үеийн, өсөх ирээдүйтэй үйлчилгээг "Coworking" компанийхан санал болгож байна. Чөлөөт уран бүтээлч, ажилтан эсвэл жижиг бизнесүүдийг зорилтот зах зээлээ гэж харж буй тус компанийнхан коворкинг гэж юу болох, ямар ач холбогдолтой талаар холбогдох тооцоо судалгаатай илтгэл тавилаа.

"Зөвлөлийн гишүүдийн дунд миний мэдэж байгаагаар манай компанийн хоёр үйлчлүүлэгч байна. Нэг нь "Nomadic School of Business", нөгөө нь "Орчуулга 24". Ер нь манай компани өсөх ирээдүйтэй стартапууд компаниудад үйл ажиллагаагаа чиглүүлж байна."

Монголын Бизнесийн Зөвлөлийн шинэ гишүүд, 2016,09,29

Ийнхүү МБЗ-ийн шинэ гишүүд сертификатаа гардан авч, дурсгалын зураг авхууллаа. Сарын хурал  шинэ болоод нэгэнт гишүүн болсон компаниуд хоорондоо танилцах, харилцан санал солилцох зорилготой арга хэмжээгээр үргэлжилсэн. "Мини хүлээн авалт" гэж хэлж болохуйц энэ арга хэмжээний үеэр Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй энэ удаагийн сарын хурлын онцлогийн талаар ярилцсан юм. 

Монголын Бизнесийн Зөвлөл бүх бизнест нээлттэй

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

"Монголын Бизнесийн зөвлөл нь Монголд бизнес эрхлэх тогтвортой, ойлгомжтой, нээлттэй орчин бүрдүүлэхийн төлөө дуу хоолойгоо УИХ, Засгийн газарт хүргүүлдэг. Мөн Зөвлөлийн гишүүд хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа хуваалцах зэрэг арга хэмжээнүүд давхар явуулж байна. Нэгдүгээр зорилгын хүрээнд Блүүмберг телевиз, Засгийн газрын мэдээ сонин, Форбес сэтгүүлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Иргэн Дорж, Дулмаа эсвэл томоохон компани байхаас үл хамааран  бүгд ижил тэгш байж, зах зээлийн нээлттэй зарчмаар шударга өрсөлдөх боломжоор хангахын төлөө манай зөвлөл ажиллаж байна. "National News Corporation"-ийн бүрэлдэхүүнд эдгээр хүчирхэг мэдээллийн хэрэгслүүд багтсан учраас хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэдэгт итгэж байна.

Олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь маш чухал үйл явдал боллоо. Байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад хөрөнгө татахад маш хүндрэлтэй байдаг. Тэгвэл нүүрсхүчлийн хийг бууруулах, нүүрсхүчлийн хий маш бага ялгаруулдаг технологийг Монголдоо оруулж ирвэл санхүүжилт авах боломж байгааг энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зөвлөлийн гишүүддээ танилцуулж байна.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар жилд 300 мянган ам.доллараар байгаль орчны төслүүд санхүүжүүлэх юм. Тус олон улсын байгууллагыг Монголын бизнесүүдтэй холбох үүргийг МБЗ гүйцэтгэх болно."

Монголын Бизнесийн Зөвлөлийн 9 дүгээр сарын хурал ажил хэрэгч, найрсаг уур амьсгалын дор нэн үр дүнтэй болж өнгөрлөө.