Ц.Батсүх: Мөнгөний бодлогын шийдвэр үр дүнгээ өгсөн
2016.09.28

Ц.Батсүх: Мөнгөний бодлогын шийдвэр үр дүнгээ өгсөн

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Ц.Батсүхтэй ярилцлаа.

Мөнгөний хатуу бодлого тал бүрийн байр суурьтай тулсаар сарын хугацааг туулчихсан байна.  Тухайн үед 2280-ыг давж байсан төгрөгийн доллартай харьцах ханш 2240 орчимд тогтворжсноос харахад яав ч бодлогогүй шийдвэр биш л дээ.  Төв банкнаас баримталсан гол зорилго нь жолоогоо алдаж байсан  ханшийн огцом өсөлтийг сааруулж, үндэсний мөнгөн тэмдэгтийн өгөөжийг хамгаалах зорилго тавьсан.  Бодлого хэрэгжиж эхэлснээс хойшхи өнөөдрийг хүртлэх хугацаанд илэрсэн үр дүнг тухайлбал та өөрийнхөөрөө хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн бодлого зөв, буруу гэж маргалдаж байгаа үед гол баримтлах зарчим нь юуг чухалчилж үзэх вэ гэдэг зүйл юм. Тэгэхээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдлыг хангах уу, эсвэл ямар ч хамаагүй аргаар өсөлтийг бий болгох уу гэх зэрэг бодлогын олон сонголт бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогыг би юун түрүүнд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдлыг хангах зорилготой байсан гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээлд оролцогсод, бизнес эрхлэгчид эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхой хугацаанд тааж, хэлж чадахуйц нөхцөл үүсгэхийг тэнцвэртэй байдал гэж болно. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ нь валютын ханшийн өсөлтийн хурдыг тодорхой хэмжээнд сааруулах чиглэлтэй байсан. Энэ нь ханшийн өсөлтийг зогсоох бус, өсөлтийн хурдыг сааруулах гэдгийг онцолъё. Тэгэхээр нэг сарын дотор валютын ханшийн өсөлтийн хурд харьцангуй саарлаа. Тийм учраас бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж харж байна.

Тэгвэл мөнгөний хатуу бодлого нөгөө талдаа ажилгүйдлийг бий болгох эрсдэл байгаа эсэхийг та хэрхэн харж байв. Өөр өөр хэлбэл зарим эдийн засагчид Монголбанк зөвхөн валютын ханшийг хамгаалахын тулд эдийн засгийн өсөлтийг хумилаа, бизнесийг боомиллоо гэж  шүүмжилж байсан шүү дээ. Тэдний хувьд  Монголбанк бодлогын орон зай олон байхад тэр орон зайг ашигласангүй гэж байсан. Таны харж байгаагаар саяын нөхцөлд өөр сонголт Монголбанкинд байсан уу?

-Валютын ханш гэхээр нэг талаасаа төгрөг, доллар гэдэг хоёр валютын эрэлт, нийлүүлэлтийн тухай асуудал. Тэгэхээр валютын ханш чөлөөтэй тогтоно, хөвөгч ханштай гэж ярьдаг ч яг Монголын эдийн засгийн онцлогоос болоод өнгөрсөн хугацаанд валютын ханш дээр зохицуулалт хийж байсан. Энэ бол тодорхой. Гэтэл яг үнэндээ долларын ханш өсөөд байна гэдэг маань долларын эрэлт их байна. Нөгөө талаас тэр хэмжээний нийлүүлэлтээ хийж чадахгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд эрэлтийн талын арга хэмжээ авах уу, нийлүүлэлтийн талын арга хэмжээ авах уу гэх хоёр сонголт бий. Нэг талаасаа долларын нийлүүлэлтийг бид нэмж чадахгүй байгаа тохиолдолд төгрөгийн нийлүүлэлтийг хязгаарлах нь богино хугацаанд үр дүнгээ өгөх талтай. Бусад эдийн засагчдын шүүмжилж байгаа зүйл нь нийлүүлэлтийн талаа илүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг бий болгоод, доллар орж ирээд, тэрний дараа долларын ханш зүй ёсоороо тогтворжих нөхцөлийг хангах ёстой гэж байгаа. Би ч бас анхандаа тийм бодолтой байсан. Гэхдээ нөхцөл байдлыг хараад байхад яах аргагүй эхний удаад хүмүүсийн итгэлийг төрүүлэхүйц найдвартай, тогтвортой нөхцөлийг үүсгэх ёстой гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлсэн арга хэмжээг би зөв байсан гэж харж байгаа.

Одоо тэгвэл дараагийн арга хэмжээ юу байж болох вэ? Удахгүй мөнгөний бодлогын зөвлөл хуралдах гэж байна. Олон нийт ямар шийдвэр гарах бол гэж хүлээж байна. Та ч бас өөрийн гэсэн тодорхой хүлээлттэй байгаа байх?

Тодорхой хэлэхийн тулд макро эдийн засгийн зарим нэг үзүүлэлтүүдийг харах шаардлагатай. Түүнчлэн нэг сарын өмнө энэ шийдвэрийг гаргаж байсан нөхцөл байдалтай өнөөдрийг харьцуулахад юу өөрчлөгдсөн бэ гэдгийг сайн харах ёстой. Мэдээж ойрын хугацаанд 2017 онд эдийн засаг ямар байх вэ, төсөв, мөнгөний бодлогыг яаж авч явах вэ гэдэг бодлогын бичиг баримт батлагдана. Тэгэхээр ирэх жил нэлээд тодорхой болох байх. Хэрвээ бид тодорхой хэмжээнд валютын нөөцийг бий болгох, гаднаас эх үүсвэр татах боломж бүрдсэн гэж үзвэл энэ нь бодлогын хүүг сулруулах нөхцөл болно. Гэхдээ энэ нөхцөлийг хангахын тулд сангийн бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь маш чухал. Хэрвээ сангийн бодлого талаасаа хүчтэй тэлэлт явуулахгүй бол мөнгөний бодлого дээр бага зэргийн тэлэлт хийхэд асуудал гарахгүй.

УИХ-аар Төсвийн тодотголыг баталсан. Удахгүй 2017 оны төсөв өргөн баригдана. Уг нь Засгийн газраас анх төсвийн тодотголыг оруулж ирэхдээ олон төрлийн татварыг нэмж, зардлаа бууруулж,төсвийг сахилга баттай, нэгдсэн нэгдмэл болгоно гэсэн. Гэтэл татвар нэмэх төслүүдээ эргүүлэн татаж, төсвийн зардлыг ч бас төдийлөн танаж чадсангүй. Ийм байхад  төсвийн орчинтой холбоотойгоор мөнгөний орон зайд таатай орчин үүснэ гэж хэлэхэд хэцүү л болов уу? Та юу гэж үзэж байна?

-Төсвийн тодотгол болон 2017 оны байдлыг харахад сангийн бодлого нэлээд цэгцтэй болж, төсөв нь тогтвортой байдлын хуулийн нөхцөлийг баримтлах, олон төрлийн санхүүжилттэй, замбараагүйбайдлаа цэгцэлж, нэг цонхоор харж эхэлж байх шиг байна. Энэ тохиолдолд мөнгөний бодлого харьцангуй тодорхой байх боломжтой. Өнгөрсөн хугацаанд төсөв нь гэхэд гурван төрөлтэй ч юм шиг, маш тодорхойгүй байснаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Энэ нь ялангуяа эдийн засгийн гадаад харилцаа буюу төлбөрийн тэнцэл дээр хүндрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тийм учраас тодорхой байдлыг бий болгохын тулд Төв банк бодлогын арга хэмжээ авсан гэж үзэж байгаа.

Таны харж байгаагаар улс төрийн нөхцөл байдлаас харахад цааш цаашдын төсөвт бодит  тохиргоо хийгдэж, шинэчлэгдэх боломж гарах болов уу?  Төсөв илүү сахилга баттай болчихвол мөнгөний бодлогод  илүү эерэг  орон зай гарч ирнэ гэж байгаа шүү дээ.

Төсвийн тодотгол анх орж ирэхдээ олон төрлийн татвар нэмэх, зарлагаа бууруулах чиглэлтэй байсан. Тэр үед Сангийн бодлого хумигдах нь гэж харж байсан. Гэтэл тодорхой нөхцөл байдлын улмаас энэ бүх өөрчлөлтүүдээ больё оо гэсэн. Тийм учраас өнөөгийн нөхцөлд цаашдаа төсөв хумигдах уу, тэлэх үү гэдэг нь төдийлөн тодорхой бус байна. Энэ тохиолдолд Монголбанк тодорхой байдлыг хадгалахын тулд бодлогын орчныг хэвээр хадгалах шаардлагатай байж болно. Харин төсөв нэгэнт хумигдах нь тодорхой болоод, төсвийн зардал буурах нь ойлгомжтой болчихвол Төв банк хатуу бодлогоос татгалзах боломжтой.

Яг өнөөдрийн байдлаар авч үзэхэд Монгол Улсад эдийн засгийн байдал бодитоор ямар байдалд байна гэж үзэх вэ?

Нэг талаас өнөөгийн макро эдийн засгийн орчиндтүр зуурынх гэмээр хүндрэл ажиглагдаж байна. Нөгөө талаас бидэнд яг бодитой хүндрэлүүд ч бас байна. Жишээ нь ирэх жилээс бондын төлбөр төлөөд эхэлнэ. Гарцаагүй хийх ёстой зүйл буюу бодитой хүндрэл. Тэгэхээр энэ хоёрын дундаас бид юуг харах ёстой вэ. Тэгэхээр нэгхэн сарын дотор дефляци болчихоор “дефляцийн аюул нүүрлэлээ” гээд хөөрөгдөөд байж болохгүй. Гэтэл Монголын хувьд найм, есдүгээр сар тэртээ тэргүй хэрэглээний үнийн индекс харьцангуй бага байдаг сар байхгүй юу. Арав, арваннэгдүгээр сараас эргээд инфляци болох нь ойлгомжтой. Гэх мэтээр зарим нэг зүйлд хэтэрхий богино хугацаанд дүгнэлт хийгээд, хүмүүст буруу мэдээлэл дамжуулах тохиолдол байна. Тэрнээс нь болоод хүмүүст буруу хүлээлт үүсэх тал ч байна. Гэтэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаа харвал магадгүй ирэх жилээс эрдэс бүтээгдэхүүний үнэ дээр эерэг дохио гараад ирж байна. Манай эдийн засаг жижигхэн. Тийм учраас жишээ нь нүүрсний үнэ өсөхөд л манай эдийн засагт томоохон эерэг нөлөө ороод ирэхийг үгүйсгэхгүй.

Та сая дефляцийн талаар дурдлаа. Үүн дээр асуухад Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээс болоод л дефляци болчихлоо гэж зарим нь  шүүмжилж байна. Гэтэл яг дефляци болсонд Монголбанкны шийдвэр нөлөөлөх хугацаа өнгөрөөгүй шүү дээ.  Бодлогын шийдвэрийн үр дүн бараг зургаан сарын дараа л илэрдэг.

-Яг судалгааны үндсэн дээр баталж харуулах ёстой. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс болоод, эрэлт буураад, үнэ буураад дефляци болж байгаа гэсэн тайлбар бий. Нөгөө талаас Монголын хэрэглээний үнийн индекс сар, улирлын нөлөөтэй байдаг. Намрын саруудад тэртээ тэргүй хүнсний бүтээгдэхүүний үнэ буурдаг. Тэр үнэ буурдаг сар дээр нь яриад байна уу, үгүй юу гэдгийг ялгах хэрэгтэй. Тэгэхээр статистик, тооны өөрчлөлтүүд нэлээд явсны дараа яг тийм, ийм нөлөөтэй гэдгийг дүгнэх боломжтой.

Одоо бол дефляцийн талаар дүгнэлт хэлэхэд эрт байна, тийм үү?

Дүгнэхэд арай эрт байна. Нэг ёсондоо ганцхан сарын л өөрчлөлт шүү дээ. Магадгүй энэ байдал хадгалагдаад, хоёр, гурван сар үргэлжилбэл, “мөнгөний бодлогын нөлөө тусчихлаа” гэж хэлэх үндэслэл гарч ирэх юм.

Мөнгөний бодлого ер нь яаж явах ёстой юм бол? Байнга зөөлөн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байх ёстой юу? Эсвэл мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх ёстой юу? Хүмүүс бол Монголбанк мөнгө хэвлээд, хүүг бууруулж, эдийн засгийн өсөлтөө л дэмжих ёстой гэж хараад байх шиг?

Монголбанкны гол үүрэг бол тогтвортой байдлыг хангах. Ялангуяа төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Тэгэхээр сангийн бодлого мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байх ёстой. Сангийн бодлого талдаа ямар бодлого явуулах нь тодорхой болчихвол төв банкны мөнгөний бодлого яаж явахыг тодорхой хэлээд байж болох байх. Гэтэл өнөөгийн нөхцөлд яг үнэндээ болгоомжлолоос үүдэлтэй бодлого явуулж байна. Сангийн бодлого дээр яаж ч магадгүй байгаа учраас бид ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд тогтвортой байдлаа барья гээд бодлогын шийдвэр гаргаж байгаа юм. Хэрвээ арваннэгдүгээр сард төсөв маш тодорхой батлагдаад, тэр нь зөв чиглэл рүүгээ явж байвал мөнгөний бодлого дээр тодорхой хэмжээний тэлэлт явуулахад асуудал үүсэхгүй байх.