Даатгалын салбарынхан БНСУ-ын туршлагаас судалж байна
Бэрхшээл, хохирлыг даван туулах хамгийн зөв шийдэл нь даатгал гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл манай улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болж байгаа ч энэ салбар төдийлөн хөгжөөгүй. Тиймээс Монголын хохирол үнэлэгчдийн холбоо санаачлан Албан журмын даатгалын холбоо, Монголын даатгагчдын холбоо, БНСУ-ын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран "Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ" сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Энэ үеэр МХҮХ-ийн гүйцэтгэх захирал М.Бизаагундаа “Монгол Улсад даатгалын тогтолцоог сайжруулах, мэргэжилтэн, хохирол үнэлэгчдийн мэддэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор, даатгалын салбар өндөр хөгжсөн БНСУ- ын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран сургалт зохион байгуулж байна” гэв.
Сургалтын хүрээнд Монгол Улсын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал болон хохирлын үнэлгээний тогтолцоо, хууль эрх зүйн орчныг БНСУ- ынхантай харьцуулан ололт дэвшилттэй асуудлыг тусган авч, мэргэжилтнүүдэд зөвлөх юм. Мөн биет бус хөрөнгө болох оюуны өмч болон амь насны даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог хэрхэн хөгжүүлсэн талаараа БНСУ-ын мэргэжилтнүүд өөрийн орны туршлагаасаа хуваалцаж байв.